
Өнгөрсөн мягмар гарагт Нью Йоркийн Манхэттен дүүргийн шүүхэд реппер Дидди буюу Шон Комбсын хэргийг шүүх хурал эхэлсэн билээ.
55 настай Шон “Дидди” Комбсыг өнгөрсөн оны 9-р сард бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор үгсэн хуйвалдсан, бэлгийн мөлжлөг үйлдэх, биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалсан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм.
Тэгвэл шүүх хурлын хоёр дахь өдөр түүнтэй 11 жил хамт амьдарсан экс найз бүсгүй, дуучин Кэсси буюу Касандра Вентура мэдүүлэг өгсөн байна. Тэрээр энэхүү шуугиан тарьсан хэргийн гол гэрчээр дуудагджээ.
2023 оны 11-р сард Кэсси Шон Комбс түүнд удаа дараа гар хүрч, хүчирхийлж, өөр бусад эрчүүдтэй бэлгийн харилцаанд орохыг шаарддаг байсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Кэсси шүүхэд нэхэмжлэл гаргасны маргааш Диддигийн тал Кэсситэй тохиролцоонд хүрсэн ч энэ үйл явдлын дараа шүүхэд Диддигийн эсрэг гомдол нэхэмжлэл ар араасаа хөвөрсөн юм.
Гэрчээр мэдүүлэг өгөхөөр ирсэн Кэсси 8 сартай жирэмсэн бөгөөд тэрээр 2019 онд Алекс Файнтай гэрлэж, дундаасаа 2 хүүхэдтэй болжээ. Кэссигийн хувьд Диддитэй 7 жилийн дараа анх удаа шүүх танхимд таарч байгаа нь энэ аж.
Кэсси анх 2006 онд 19 настай байхдаа Диддитэй танилцсан ба тухайн үед 37 настай байсан Диддигийн Bad Boy Records студитэй 10 цомог гаргах гэрээ байгуулжээ. Кэссиг 21 нас хүрсэний дараа Дидди Кэсси хоёр үерхэж эхэлсэн ба Кэсси тэр үед Диддид жинхнээсээ дурласан хэмээн тухайгаа ярьжээ.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам Дидди Кэссиг хянаж цагдах нь олширч, сүүлдээ ямар хувцас өмсөх, юу хийх, хэнтэй харилцахыг нь хүртэл заах болсон аж. Кэсси утсаа авахгүй бол аван автал нь залгаж, хамгаалагчдаа илгээж, түүний хөдөлгөөн бүрийг хянадаг болжээ. Дидди Кэссид Нью Йорк, Лос Анжелес хотуудад байр түрээсэлж өгсөн ба Кэсситэй муудалцахаараа Кэссиг байрнаас нь хөөж, машин болон гар утсыг нь хураан авдаг байсан аж.
Хосын ихэнх маргаан хардалтаас болдог байсан болохыг дуучин бүсгүй онцолжээ. Эхэндээ Кэсси Диддийг зөвхөн өөртэй нь дотно харилцаатай гэж боддог байсан ч удалгүй тийм биш болохыг нь ойлгон, Диддийг маш ихээр хардаж эхэлсэн гэжээ.
Дидди ч Кэссид онцгүй царай гаргалаа, буруу зөрүү ярилаа гэх шалтгаанаар гар хүрдэг болсон аж. Дидди хэр давтамжтай түүнд гар хүрдэг байсан бэ гэсэн асуултад Кэсси “хэтэрхий ойр ойрхон” хэмээн хариулжээ.
Шүүх хурлын явцад прокурорын тал тангарагтны шүүхэд өнгөрсөн жил ил болсон InterContinental зочид буудлын коридорт Дидди Кэссиг зодож буй бичлэгийг үзүүлсэн байна. Кэссигийн мэдүүлснээр Дидди түүнийг секс үдэшлэгт оролцохоос татгалзсаных нь хариуд зодсон нь тэр аж.
Дидди алдарт секс үдэшлэгүүдээ зохион байгуулах болсон нь тэрээр бусад хүмүүс бэлгийн харилцаанд орж буйг харан таашаал авдаг явдалтай нь холбоотой хэмээн Кэсси тайлбарласан байна. Эдгээр үдэшлэгүүдийн үеэр Дидди Кэссиг өөр залуустай бэлгийн харилцаанд орохыг шаардаж, өөрөө хажуугаас нь ажиглан, зааварчилгаа хүртэл өгдөг байжээ. Кэсситэй бэлгийн харилцаанд орж байсан залуусын дийлэнх нь биеэ үнэлэгчид, тайчигчид байсан ба заримдаа Диддигийн секс үдэшлэгүүд 2, 3, 4 өдрийн турш зогсолтгүй үргэлжилдэг байсан тухай Кэсси онцолжээ. Кэсси заримдаа нэг доор олон эрчүүдтэй бэлгийн харилцаанд орох шаардлагатай болдог байсан ба Кэссиг олон цаг нойргүй сэрүүн байлгахын тулд Дидди Кэссид хар тамхи, мансууруулах бодис хэрэглүүлж, архи согтууруулах ундаа уулгадаг байжээ.
Дидди секс үдэшлэгүүдээ өөрөө найруулж, гэрэлтүүлгийг нь хүртэл тааруулж, бүх үйл явцыг камерт бичдэг байсан ба үдэшлэгт оролцож буй хүмүүст ямар үйл хөдлөл хийх, юу хэлэх зэргийг нь хүртэл заадаг байжээ. Кэссигийн мэдүүлснээр тэрээр 22 настайдаа анх Диддигийн секс үдэшлэгт оролцсон ба түүнээс хойш ийм төрлийн үдэшлэг долоо хоног бүр болдог болсон гэжээ.
Кэсси энэ бүх хугацаанд сэтгэл санаагаар унаж, мөн Диддид чин сэтгэлээсээ хайртай байсан учраас Диддигийн урмыг хугалахгүйн тулд секс үдэшлэгүүдэд нь оролцдог байсан тухайгаа мөн Дидди түүний бичлэгүүдийг задалж, карьерыг нь үгүй хийнэ хэмээн заналхийлдэг байсан талаар дурджээ.
Түүнчлэн Диддигийн гэрт нэгжлэг хийх үеэр олдсон их хэмжээний хүүхдийн биеийн тосны тухайд Кэсси мэдүүлэхдээ секс үдэшлэгийн үеэр Дидди тус үдэшлэгт орж буй бүх хүмүүсийг биеэ бүхэлд нь хүүхдийн биеийн тосоор тослохыг шаарддаг байсан хэмээн мэдүүлсэн байна.
Ийнхүү шүүх хурлын 2 дахь өдөр Кэссигийн гэрчийн мэдүүлэг 4 цаг 30 минут үргэлжилсэн бол яллагдагчийн тал дээрх тэдгээр үдэшлэгүүдэд болсон бүх үйл явц Кэсси, Дидди хоёрын өөрсдийнх нь зөвшөөрлөөр явагдсан гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Ирэх өдрүүдэд шүүх хуралд Диддигийн бусад хохирогчид мэдүүлэг өгөх ба шүүгч Диддигийн секс үдэшлэгүүдийн бичлэгээс тангарагтны шүүхэд үзүүлэх эсэхээ шийдэх аж.
Эх сурвалж:https://www.today.com/
https://edition.cnn.com/