
Өнгөрсөн бямба гарагт Ватиканд Пап лам Францисын оршуулах ёслол болж өндөрлөсөн билээ. Пап лам Францисын модон авсанд байршуулсан шарилыг 16-р зуунд баригдсан Гэгээн Петрийн цогчин дуганаас гаргаж ирж Гэгээн Петрийн талбайд байрлуулснаар Пап лам Францисыг эцсийн замд нь үдэх ёслол эхэлсэн ба 90 минут үргэлжилсэн тус ёслолын төгсгөлд Пап лам Францисын шарилыг Гэгээн Петрийн талбайгаас Ромын Санта Мариа Маггиоре буюу Мариа Эхийн сүм рүү зөөвөрлөх үед зам дагуу цугласан олон түмэн түүнийг алга ташилтаар үдэн гаргажээ.
Пап лам Францис гэрээслэлдээ түүнийг Гэгээн Петрийн цогчин дуганд бус Ром хотын Санта Мариа Маггиоре сүмд оршуулахыг хүссэн талаар Ватиканы хэвлэлийн албанаас мэдээлж байсан билээ.
Гэгээн Петрийн талбайд болсон оршуулах ёслолд Их Британийн Ерөнхий сайд Кир, Стармер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Европын холбооны зөвлөлийн тэргүүн Урсула фон дер Ляйен, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони, Уэльсийн ханхүү Уильям, АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден зэрэг дэлхийн 150 гаруй орны улс төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцсон байна. Пап лам Францистай цагаачлалын асуудал дээр удаа дараа зөрчилдөж байсан АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп гэргийн хамт мөн оршуулах ёслолд оролцож, ёслол эхлэхээс өмнө Украины Ерөнхийлөгч В. Зеленскийтэй уулзалт хийж амжсан байна.
Пап лам Францис амьд ахуйдаа ОХУ-Украины дайныг дуусгаж, Израилыг Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсаар ирсэн юм.
Ватиканы хэвлэлийн алба Пап лам Францисын оршуулах ёслолыг үзэж, католик сүмийн тэргүүнтэй салах ёс гүйцэтгэхээр 250 мянга гаруй хүн цугласан хэмээн мэдээлсэн бол Италийн Дотоод хэргийн яам зөвхөн Гэгээн Петрийн талбайгаас Санта Мариа Маггиоре сүм хүртэлх 5.5 км зам дагуу 150 мянган хүн цугласан байсныг онцолжээ.