
Португал, Испани, Франц болон Грект зэрэг улс орнуудын нутаг дэвсгэрт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар олон зуун гал сөнөөгчид ажилласаар байна. Ой хээрийн түймэрт нийт 20 мянга орчим га газар өртөөд байгаа ба ойрын өдрүүдэд тус бүс нутагт салхины хүч нэмэгдэж, халах төлөвтэй байгаа нь гал түймрийг унтраах, тархалтыг нь зогсоох ажлыг хүндрүүлж болзошгүй байна.
Франц-Испанийн хилийн ойролцоо 700 гал сөнөөгчид 5000 га талбайг хамарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байгаа ба одоогийн байдлаар тус бүс нутгаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Грекийн Салоники хотын ойролцоо байрлах хог хаягдал боловсруулах үйлдвэрт их хэмжээний гал гарснаас болж Салоники хотыг өтгөн хар утаа бүрхжээ. Хотын удирдлагууд оршин суугчдад цонхоо хааж, шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг зөвлөжээ. Цагдаа нар тус үйлдвэрт санамсаргүйгээр гал тавьсан хэргээр 76 настай эрэгтэйг саатуулаад байгаа аж. Түүнчлэн Грекийн нийслэл Афин хотоос баруун зүгт ой хээрийн томоохон хэмжээний түймэр гараад байгаа ба түймрийг унтраах ажиллагаанд олон арван гал сөнөөгчид болон сайн дурынхныг дайчилжээ.
Испанийн зүүн хойд зүгийн Жирона мужид энэ сарын 3-нд ой хээрийн түймэр гарч, 2200 га газар түймэрт автжээ.
Португалын Возелад энэ сарын 2-нд эхэлсэн ой хээрийн түймэр 12 мянга га талбайг хамраад байгаа ба тус гал түймрийг унтраах ажиллагаанд 1200 гал сөнөөгч, 400 машин техник, 15 онгоц оролцож байгаа аж. Испани улсын зүгээс Португалд гарсан ой хээрийн түймрийг унтраах ажилд 120 гал сөнөөгчөө, 45 машин техникийн хамт илгээжээ.









