
Хятадын алдартай боба цайны сүлжээ Molly Tea-г Францын тансаг зэрэглэлийн брэнд Louis Vuitton-ийн барааны тэмдгийг хуулбарласан гэж үзэн 10.3 сая юань буюу ойролцоогоор 1.5 сая ам.долларыг нөхөн төлбөрт төлөх шийдвэрийг шүүхээс гаргажээ. Энэхүү шийдвэр Хятадын сошиал орчинд оюуны өмчийн эрхийн талаарх маргааныг өрнүүлээд байна.
БНХАУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр, Жянсу мужийн шүүх Шэньжэнь хотод төвтэй Molly Tea компанийн ашиглаж байсан лого нь Louis Vuitton-ий алдарт дөрвөн дэлбээтэй цэцгэн хээг хуулбарласан гэж дүгнэжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Сужоу хотын шүүх “Molly Tea” компанид уг логог хэрэглэхээ зогсоох, олон нийтээс албан ёсоор уучлал хүсэх, мөн “Louis Vuitton” брэндэд 10.3 сая юанийн нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасныг China Daily-ээс мэдээлсэн байна.
Энэ явдал цахим орчинд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох хаштаг 400 сая гаруй хандалт авч, хэдэн арван мянган сэтгэгдэл цуглуулаад байна. RedNote платформын нэгэн хэрэглэгч “Ийм энгийн геометрийн дүрсүүдийг зөвхөн Хятад биш, дэлхийн олон соёл иргэншил түүхийн турш ашиглаж ирсэн” гэжээ.
Харин нөгөө хэсэг нь шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Weibo-ийн нэгэн хэрэглэгч “Molly Tea” сүлжээг өмөөрч байгаа хүмүүс эхлээд хуулиа судлах хэрэгтэй. “Louis Vuitton” энэ логог аль хэдийн барааны тэмдэг болгон бүртгүүлсэн учраас маргах зүйлгүй” гэж бичжээ.
Одоогоор тус компаниуд шүүхийн шийдвэрийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж.
Эх сурвалж: BBC









