
Дэлхийн адууны өдрийг манай улсад энэ сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор долдугаар сарын 13-ны өдөр 07:00-10:30 цагийн хооронд олон улсын морин уралдаан зохион байгуулагдах юм.
Тус уралдаанд дөрвөн улсын оролцогчид оролцох бөгөөд гадаадын уяачид Монгол Улсаас морь түрээслэн өөрсдийн нэр дээр уралдуулах зохицуулалттай байна.
Олон улсын уралдааны дараа 11:40-13:40 цагийн хооронд “Түмэн морьдын парад” зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээнд нийт 10 мянган морь оролцохоор аймаг, орон нутгууд болон төрийн бус байгууллагууд оролцохоо илэрхийлээд байна.
Парадад оролцох бүртгэлийг “2026 морьдын парад” цахим системээр явуулж байгаа бөгөөд уг системд бүртгүүлсэн иргэд морьтойгоо оролцох боломжтой. Харин бүртгүүлж амжаагүй иргэд парадын гарааны цэгээс дөрвөн километрийн зайд нэгдэн оролцох боломжтой аж.
Мөн парадад оролцсон иргэн бүрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулах юм байна.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь морины соёл, адууны эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид 5-10 жилийн хугацаанд гадаадын оролцогчдын тоо нэмэгдэж, дэлхийн хэмжээнд Монголд төвлөрсөн адууны баяр болон өргөжинө гэж үзэж байна.
Энэ жил уг баярыг анх удаа зохион байгуулж буйгаар онцлог юм.
Видео үзэх холбоос:









