“Чөлөө заваараа чуулганд суухгүй шүү” гэх үгийг Л.Оюун-Эрдэнэд хаяглав уу?

Хүн өдөрт 6-8 удаа шээх ёстой ба шээсээ тэвчих бөөр өвчлөх, үрэвсэх гол шалтгаан болдог талаар Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор Г.Ганхуяг хэллээ. Түүнтэй бид бөөрний өвчлөлөөс хэрхэн хамгаалах, бөөр өвдсөн нь ямар шинэ тэмдгээр илэрдэг талаар ярилцаа.
-Нөхөн үржихүйн насны хүмүүсийн 30-аас дээш хувь нь бөөр шээсний замын үрэвсэлтэй-
- Бөөрний өвчлөл яагаад их байгаа гэхээр, уур амьсгал нөлөөлдөг. Хоёрдугаарт бид 2000 оноос өмнө уур амьсгалдаа тохирсон хүнс иддэг байсан бол одоо бидний хүнс өөрчлөгдсөн. Чанартай мах идэхээ больсон байна. Гуравдугаарт шинэ өвчлөлүүд нэмэгдсэн. Биднийг оюутан байхад чихрийн шижинтэй өвчтөн олддоггүй байсан юм. Гэтэл одоо бол чихрийн шижингийн шалтгаант бөөрний үрэвслүүд нэмэгдэж байна. Дөрөвдүгээрт нөхөн үржихүйн насны хүмүүсийн 30-аас дээш хувь нь бөөр шээсний замын үрэвсэлтэй байгаа.
- Тэгэхээр бөөрний өвчлөлийн эхний шалтгаан нь чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт болж таарч байгаа юм.
- Бөөр нь уургийн зохицуулалт, өтгөрүүлэх, шингэрүүлэх үйл ажиллагаа, цус төлжилт гэх мэт бодисын солилцооны 13 үйл ажиллагааг зохицуулдаг. Бөөр бол хос эрхтэн. Түүдгэнцэр, аяганцар, тэвшинцэр гэсэн гурван эдтэй. Хоногт хоёр бөөрөөр 3500 литр цус урсаж цэвэрлэгдэнэ. Түүний нэг хувь нь буюу 3.5 литр цус шээс болдог. Үүнээс дахиж шимэгдэл явагдаад 60 хувь нь буюу хоёр орчим литр шээс хоногт үүсдэг. Минутад хоёр шээлгүүрээр 8-10 дуслаар давсагт бууна. Хуримтлагдсан шээс 250-300 мл болохоор тархинд мэдээ өгөөд шээнэ. Энэ бол эрүүл физиологи.
-Бөөр шээсний замын үрэвслийн 20 хүртэлх хувь нь цагаан хорхойн халдвар байдаг-
- Нөхөн үржихүйн насныханд тулгараад байгаа гол зовуурь нь шээс ойр ойрхон хүрэх, дутуу гарсан юм шиг санагдах, эхүүн үнэртэх, шөнө шээх, шээс гарахгүй дүлүүлэх зэрэг асуудлууд байна. Үүнийг бид өгсөх замын халдвар гэж яриад байгаа юм. Гол шалтгаан нь даарах, хүнд юм өргөх, хоолны дэглэм барих, удаан зогсох, удаан суух, стресстэх зэргээс болдог. Мөн бэлгийн замбараагүй харьцаанаас болж байна.
- Бага насны хүүхдүүд бөөрний өвчлөлтэй байгаа нь даарснаас үүдэлтэй. Бид хүүхдүүдийг гэрт нь хөл нүцгэн явуулаад байдаг. Дээрээс нь хүүхдүүдийн дийлэнх нь цагаан хорхойтой байна. Бөөр шээсний замын үрэвслийн 20 хүртэлх хувь нь цагаан хорхойн халдвар байдаг. Тэгэхээр цагаан хорхойтуулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Хоёр сар тутам шинжилгээ өгч байвал их зүгээр.
-Шээсээ удаан барьснаас үүдэлтэй бөөр өвчлөх нь элбэг-
- Мөн шээс удаан барьснаас үүдэлтэй бөөр өвчлөх нь элбэг. Давсагт шээс удаан хугацаагаар хадгалагдах маш муу. Шээс хүрсэн үед шууд шээж байх ёстой.
- Хүн өдөрт 6-8 удаа шээх ёстой. Шингэн зүйл уух завгүй явлаа гэж ярих нь олон байдаг. Энэ байдал нь бөөр өвдөх нэг шалтгаан болдог.
-Бөөрний нэгж эс элэг шиг төлждөггүй-
- Бөөр дүлий гэхээсээ илүү ачаалал сайн даадаг эрхтэн. Бөөрний түүдгэнцрийн хурдаар үйл ажиллагааг нь хэмждэг. 100 хувь ажиллаж байгаа тохиолдолд эрүүл байна гэж үздэг. Бөөрний 90 хувь нь ажиллахгүй байж л диализын аппаратад ордог. Тэгэхээр өөрийнхөө нөөц үйл ажиллагааг маш сайн даадаг гэсэн үг. Уйгагүй ажилладаг хамгийн айхтар эрхтэн. Хэр баргийн өвчилсөн нь мэдэгдэхгүй. Гэвч бөөрний нэгж эс элэг шиг төлждөггүй нь маш аюултай.
- Бөөрөө хайрлаж байгаа бол хамгийн эхлээд өөрийгөө ажиглах ёстой. Өглөө сэрэхэд нүүр цэлхийж байна уу, ууц нуруу чилж өвдөж байна уу, шээс ямар өнгөтэй байна вэ гэдгийг анзаарах нь чухал. Шээс үнэртэй байна уу, хөөсөрч байна, өнгө нь ямар байна. Шээсний байдал л бөөрний үйл ажиллагааг хэлдэг. Шээс сүрлэн шар өнгөтэй, үнэргүй, тунгалаг байх ёстой. Шингэн зүйл уухгүй байгаагаас үүдэлтэй тунадас нь өөрчлөгдөж болно.
- 2024 оны судалгаагаар Монгол Улсад халдварт бус өвчлөлийн дөрөвдүгээрт бөөрний өвчлөл орж байна. Харин нас баралтын шалтгааны эхний таван өвчлөлөөс хасагджээ. Учир нь манайх дотооддоо бөөрний өвчлөлийг дэлхийн хэмжээнд эмчилж, оношилж чадаж байгаа гэсэн үг. Монгол Улсад 2006 оноос хойш бөөр шилжүүлэн суулгаж эхэлсэн ба анх 1970-аад онд бөөр орлуулах эмчилгээ орж иржээ. Харин одоо улсын хэмжээнд 1000 гаруй аппараттай болсон байна.