
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Батмагнайгаар найм давж Гарди цол хүртсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол Улсын Гавьяат тамирчин, Монгол Улсын Гарди М.Лхагвагэрэл гэж хэн бэ?
М.Лхагвагэрэл нь 1998 оны 1-р сарын 4-нд Аймгийн заан Д.Мөнхтөрийн отгон хүү болон мэндэлжээ. Хоёр нас хүртлээ өвөө эмээгийнхээ энэрэл хайранд өсөж хүмүүжин 2002 онд Улаанбаатар хотод шилжин ирж Оюуны ундраа сургуулийг төгсөж Дархан аварга Б.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан Аварга дээд сургуулийг 2020 онд тус тус дүүргэжээ.
Түүний өвөө Доёд Самбо бөхийн спортын мастер, Аймгийн арслан цолтой хүн байжээ. Аав Д.Мөнхтөр нь Завхан аймгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан түүхтэй. Д.Мөнхтөр арслангийн ээжийн талд Улсын начин Данигай хэмээх бөхийн удамтай ажээ.
М.Лхагвагэрэл нь 2015 онд Сумын заан 2016 онд цолоо баталж, 2017 онд Аймгийн харцага, 2018, 2019 онуудад Завхан аймгийн баяр наадамд дараалан үзүүрлэж Аймгийн заан, 2021, 2022 оны Бүх цэргийн наадамд дараалан түрүү хүртэж, Цэргийн хурц арслан цол хүртсэн жилийн Үндэсний их баяр наадамд Улсын харцага Ш.Пүрэвгардиар тав, Улсын гарди Б.Гончигдамбаар зургаа, Улсын харцага Б.Зоригтбаатараар долоо давж Улсын заан цол тус тус хүртсэн хүчит гарди билээ.
М.Лхагвагэрэл нь Үндэсний бөхөөр амжилт гаргахын хажуугаар Чөлөөт бөхийн 125 кг жинд дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн, өөрийн нэрээ тодоор тамгалж чадсан нэгэн билээ. Тодруулбал:
- 2021 оны Ослогийн Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- 2022 онд Ясар Догугийн нэрэмжит тэмцээнээс мөнгөн медаль
- 2022 онд Болат Тулыхановын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль
- 2021 онд Олимпын эрх олгох тэмцээний мөнгөн медаль
- 2019 онд 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль
- 2017 оны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- 2022 онд Лоддубный бөхийн лигийн мөнгөн медаль тус тус хүртэж байжээ.













