
Японы эзэн хааны суудлыг зөвхөн хааны гэр бүлийн эрэгтэй гишүүн залгамжлах тухай хуулийг баталжээ
Энэ баасан гарагт Японы парламент 19-р зуунд баталсан Японы Эзэн хааны гэр бүлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталжээ. Ингэснээр Японы эзэн хааны суудлыг зөвхөн хааны гэр бүлийн эцгийн талын эрэгтэй гишүүн л залгамжлах эрхтэй болж байгаа аж. Түүнчлэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Японы эзэн хааны гэр бүлд 15 ба түүнээс дээш насны, гэрлэж байгаагүй эр хүйстэй холын хамаатнуудаа өргөж авахыг, энгийн иргэнтэй суусан гүнж нарт хэргэм зэргээ хадгалж үлдэхийг зөвшөөрөх тухай тусгаж өгчээ.
Ажиглагчид хааны суудлыг зөвхөн эрэгтэй хүн залгамжилж болно гэж зааснаар 1500 жилийн настай Японы хааны удам угсаа тасрах эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.
Японы Эзэн хааны гэр бүлийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эзэн хаан Нарухитогийн дараа хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн жагсаалтыг түүний төрсөн дүү Фүмихито тэргүүлж байгаа бол түүний араас ханхүү Фүмихитогийн хүү 19 настай Хисахито бичигдэж байна.
Ханхүү Хисахито нь Японы эзэн хааны гэр бүлд сүүлийн 40 жилд төрсөн анхны эрэгтэй хүүхэд бөгөөд эзэн хааны гэр бүлийн насанд хүрсэн нийт 16 гишүүний 5 нь л эрэгтэй аж.
2005 онд Японы засгийн газар эмэгтэй хүнд хаан ширээ залгамжлахыг зөвшөөрөх тухай хуулийн төсөл санаачилсан ч ханхүү Хисахитог төрсний дараа уг төслөө буцаасан аж.









