
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Fox News сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-Украины энхийн гэрээнд “Украины таван бүс нутгийн асуудал” хөндөгдөж байгаа талаар дурдсантай холбоотойгоор Украины Ерөнхийлөгч В.Зеленский Украин нь тусгаар тогтносон улс учраас газар нутгийн асуудлыг Украин улсын ард иргэд л шийднэ хэмээн мэдэгджээ.
Тэрээр, “ОХУ-ын хяналтад түр ороод байгаа Украины газар нутгийг Украиных биш ОХУ-ын гэж хүлээн зөвшөөрөх нь хэрээс хэтэрсэн явдал юм” хэмээн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй Одесса хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ..
Reuters агентлагийн мэдээлснээр АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф Д.Трампад ОХУ-Украины дайныг дуусгах хамгийн хурдан арга бол Украины Донецк, Запорожье, Луганск, Херсон мужуудын хяналтыг ОХУ-д шилжүүлэх явдал юм хэмээн санал болгоод байгаа юм.
2022 онд ОХУ дээрх 4 мужийг ОХУ-ын нутаг дэвсгэрт нэгтгэх шийдвэр гаргасан ба ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киевээс дээрх 4 мужаас цэргүүдээ гаргахыг шаардаж байсан билээ.
Түүнээс гадна ОХУ 2014 онд Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн явдлыг Киев хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн юм.