
БНСУ-ын Ерөнхийлөгч хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-д тааруу үзүүлэлттэй оролцсоныг шалгахыг шаарджээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д хэсгээсээ гарч чадаагүй шалтгааныг шалгахыг уриалжээ. FIFA-гийн чансаагаар дэлхийд 32-т жагсдаг, алдарт Сон Хён Минээр ахлуулсан БНСУ-ын шигшээ баг ДАШТ-д нэг хожиж, хоёр удаа хожигдсоноор дэлхийд 15-д жагсдаг Мексик, 60-д жагсдаг Өмнөд Африкийн шигшээ багуудын ард бичигдэж, хэсгээсээ хасагдсан билээ.
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид шигшээ баг нь тааруу тоглосон явдалд дасгалжуулагч Хон Мён Бог буруутгаж байна. БНСУ-ын шигшээ багийн албан ёсны фен клуб “Улаан чөтгөрүүд” сүүлийн 2 жил шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан Хон Мён Бог ард иргэдийнхээ урд өвдөг сөгдөн уучлалт гуйж, хөлбөмбөгийн спортыг бүр мөсөн орхихыг шаарджээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён улсынх нь шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй нь БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны уналт, боловсон хүчний алдаатай бодлогын үр дүн гэж үзэж буйгаа илэрхийлжээ Хон Мён Бог хоёр жилийн өмнө БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилсон нь тухайн үедээ маргаан дагуулж байсан юм. Хон Мён Бо 2002 оны ДАШТ-д багаа хагас шигшээд шалгарахад чухал хувь нэмэр оруулж байсан тоглогч юм. Тэрбээр 2013 онд улсынхаа шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдон ажилласан ч 2014 оны ДАШТ-ийг БНСУ-ын баг ганц ч хожилгүй дуусгаснаар Хон Мён Бо албан тушаалаасаа огцорсон юм.
2024 онд Хон Мён Бо БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагчаар дахин томилогдсон ба БНСУ-ын Хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалд горилсон гадны дасгалжуулагчдад маш өндөр шалгуур тавьдаг хэр нь Хон Мён Ботой богино хэмжээний ганц ярилцлага хийснийхээ дараа томилсонд олон нийт шүүмжлэлтэй хандсан юм.
Уг явдал хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнууд нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаасаа салгаж чаддаггүйг харууллаа хэмээн Ерөнхийлөгч Ли Жэ Мён X нийгмийн сүлжээнд бичжээ. Тэрээр засгийн газраас БНСУ-ын хөлбөмбөгийн холбооноос гаргаж буй чухал шийдвэрүүдэд олон нийт хяналт тавих ил тод системийг бий болгох зэргээр үйл ажиллагааг нь засаж сайжруулахыг шаарджээ.









