
“The MongolZ” багийн тоглогч, Олон улсын Мастер Б.Мөнгөнтуул дэлхийн эмэгтэй чансааны 11, Хятадын Их Мастер Жу Жинерт хожигдлоо.
Олон Улсын шатрын холбоо /FIDE/-оос зохиодог “FIDE Women’s Grand Prix” цувралын 2024-2025 оны улирлын тавь дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод үргэлжилж байна.
Дэлхийн шилдэг 10 шатарчин цугласан тэмцээний хоёр дахь өдөр “The MongolZ” багийн тоглогч, IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул дэлхийн эмэгтэй чансааны #11, Хятадын GM /Их Мастер/ Жу Жинерт хожигдлоо.
Тоглолтыг Б.Мөнгөнтуул Найдорф Сицилийн нүүдэл болох 6.Bd3 хувилбараар эхэлсэн. Түүний эхлэл сайн байсан ч бодит ахиц гарахгүй байсаар тоглолтын дундаас Хятадын их мастер байдлыг гартаа авав. Улмаар 30 дахь нүүдлээс салхи эргэж хоёр тэрэгний халц тулаанаар Жу ялжээ.
Уг өргийн талаар Жу “Тийм ч хүнд тоглолт байсангүй. Зүгээр л хэт сунжирчихлаа. Тэрэгтэй үлдсэн тоглолт ихэвчлэн тэнцээгээр дуусдаг. Гэхдээ миний шахалт амжилттай болж нэг мэдэхэд л ялчихлаа” хэмээв.
- Б.Мөнгөнтуул эхний өрөгтөө Гүржийн мастерыг хожлоо
- Шатрын олон улсын мастер Б.Мөнгөнтуул “The MongolZ” багт нэгдлээ
- Б.Мөнгөнтуулын оролцох Пунагийн Гран При өнөөдөр эхэлнэ
Ийнхүү 23 настай Хятадын их мастер хоёр дараалж хожсоноор Энэтхэгийн Дивия Дэшмухын хамт тэмцээнийг тэргүүлж эхлэв. Харин Б.Мөнгөнтуул 1-1 амжилттай болж хүснэгтийн 4-р байрт Энэтхэгийн Конеру Хумпитай оноо тэнцлээ.
38 настай, дэлхийн чансааны #88 Б.Мөнгөнтуул өнөөдөр гурав дахь өрөгт 17:30 цагаас Польшийн Алина Кашлинскаяатай тоглоно. Дэлхийн чансааны #16 IM Алина 1 тэнцэж, 1 хожигдоод байгаа юм.