
“Ард кино” театрын автобусны буудал дээр 2006 оноос хойш тасралтгүй гар дээрээс худалдаа хийж байгаа С.Жаргалыг уншигч та олонтаа харж, чихэр, кофе, бохь зэргээс нь авч байсан байж магад.
Хөдөлмөрийн гараа нь сургуулийн ширээнээс, тодруулбал дөрөвдүгээр ангиасаа эхэлжээ. Өглөө бүр эртлэн босож, орцныхоо талбайг цэвэрлэчихээд хичээлдээ гүйдэг байсан нууцыг ангийнхан нь анхандаа мэддэггүй байсан ч долоодугаар ангиасаа эхлэн ангийнх нь хүүхдүүд түүнийг орц цэвэрлэж, ээжийнхээ ажилд тусалдгийг мэдэж, түүнд тусалж, ойлгож, амтдарч буй орцоо бохирдуулахгүй гэж хиичээдэг болсон тухай тэрээр ярьж байлаа.
Өглөөний 06 цагт нийтийн тээврийн үйлчилгээний эхний рейс Цэцэг төв, Ард кино театрын буудал дээр ирэхээс өмнө бараагаа дэлгэж, байрлалаа эзэлдэг түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
Өглөө эхний автобуснаас өмнө эндээ ирсэн байдаг гэхээр та хэдэн цагт гэрээсээ гардаг вэ?
- Манайх Баянхошуунд байдаг. Би чинь өглөө 05 цаг гэж босоод өөрийгөө бэлдээд гарна шүү дээ. Өглөөний автобус ирэхээс өмнө эндээ ирээд бууж байгаа хүмүүстээ өглөөнийх нь хэрэгцээтэй цай, кофе зэрэг хэрэгцээтэй юмыг нь зараад сууж байвал аштай юу даа, тийм биздээ. Гэрээсээ наашаа машинаа бариад л хүрээд ирнэ. Бараагаа дэлгээд суухад л яг эхний автобуснаас хүмүүс бууж ирээд, өглөөний мэнд гээд мэндлэх нь сайхан шүү.
Бараагаа оройдоо ачаад явдаг юм уу?
- Үгүй ээ. Энүүхэнд баррилгын подвальд сарын 40 мянган төгрөг төлөөд үлдээчихдэг. Тэндээ нэг хөлдөөгчтэй. Өдөртөө ундаануудаа тэндээ хөргөөд сэлгээд зарчихдаг. Орой явахдаа бараагаа тэндээ оруулаад хураачихдаг юм. Хань маань ажил хийж болдоггүй учраас надад бараагаа дэлгэж, хураахад тусалдаг.
Та хэдэн оноос эхэлж энд худалдаа хийж байна вэ?
- 2006 онд цагаан утас ажиллуулдаг байсан юм. Тэр ажлаа болиод ногоо тарьж нэг хэсэг явсан. Ногоо тарих ажил хүнд хэцүү нөхцөлд ажилдаг байсан болохоор 2012 оноос эндээ тууштай наймаа эрхлэх болсон. 2 хөлгүй учраас тариалангийн талбай дээр мөлхөөд ажиллахаар чийгтэй газар өдөржин мөлхөөд бие дийлэхгүй юм билээ. Уг нь би өмнө нь “Дэвшил трейд” ХХК-д сантехникийн слесарь хийдэг байсан юм. Одоо бол газар тариалангаа орхиод найзтайгаа өвөл, зунгүй долоо, долоо хоногоор ээлжилж ажилладаг байсан. Даанч найз маань бурхан болоод удаагүй байна.
Та яагаад 2 хөлөө алдчихсан юм бэ?
- Ахуйн осол юмаа. Одоогоос 23 жилийн өмнө аваарт ороод хөгжлийн бэрхшээлтэй болсон. Гэлээ гээд зүгээр суугаад байвал хэн ч намайг тэжээхгүй шүү дээ. Тиймээс зогсох хөлгүй ч ханийгаа түшээд, тэргэн дээрээ суугаад, машинаа бариад явж чадаж байгаа юм чинь хүн хичээх л юм бол болдог л хорвоо шүү дээ.
Та хэдэн ам бүлтэй вэ?
- Манайх ам бүл 6-гуулаа эхнэр, гурван хүүхэд, нэг зээтэйгээ хамт амьдардаг. Зээ маань одоо нэгдүгээр анги. Өнөр өтгөн айл байна даа. Эхнэр маань надтай цуг л наймаагаа хийдэг.
Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж улсаас авдаг уу, амьдралд нь хүрэлцдэг үү?
- Нийгмийн халамжаас 600 хэдэн мянган төгрөг авна. Тэр нь амьдралд ер нь хүрэлцээ муутай шүү дээ. Ер нь хаанаа ч хүрэхгүй. Халамжийн мөнгө өссөн ч юмны үнэ тэр хэмжээгээр өсөөд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал, 21 мянгаар, нэг уут кофе авахад. Нэг уут кофеныхоо нэг ширхгийг нь 500-аар зарахад 2000 төгрөгийн л ашигтай.
Өдөртөө хэд орчим төгрөг олдог вэ?
- Сарын сүүлээр л тооцоогоо гаргадаг. Яг өдөрт хэдэн төгрөг олсонооо тооцоолж үзэж байгаагүй. Ер нь жижиг худалдаа хийж байгаа хүмүүс чинь нэг бараанаасаа 100-200 төгрөгийн л ашиг хардаг. Бөмбөгөр, Барс захаас бараагаа татдаг. Өдөр өдөрт л үнэ нь нэмэгдээд, би ч бас 50, 100 төгрөг нэмээд, 500 байсан кофе 600 гэхээр ямар шуналтай юм, яахаараа үнээ нэмчдийн гээд уурлах ч хүн бий. Долоо хоног ажилласан мөнгөөрөө мах шөл, бензин тос, хүүхдэдээ хувцас авна, энэ тэр гээд л олсон орлого бол ерөнхийдөө дуусчихдаг л юм. Сардаа олсон орлого маань хүрэлцдэггүй. Заримдаа ломбардад юмаа тавина. Ломбардаасаа эргүүлж авна гээд л бусдын адил амьдралдаа хүргэх гээд л хичээж явна.
Хөдөлмөрийн үр шим хүнийг өлсгөдөггүй юм байна хэмээн ярих С.Жаргал залууст хандан хүн хичээж амьдрах хэрэгтэй, тэгэж байж үр дүн амьдралд заавал ирдэг юм шүү
Б.УРАНЗАЯА








