
Нэг удаа цусаа хандивлах нь 3 хүний амь насыг аврах боломжтой.
Жил бүрийн 06 дугаар сарын 14-ний энэ өдөр дэлхий даяар бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө цусаа бусдад бэлэглэдэг доноруудыг алдаршуулж, талархал илэрхийлдэг “Дэлхийн цусны донор”-ын өдөр билээ. 2016 оноос эхлэн 60 гаруй удаа цусаа хандивлаж 180 хүний амь насыг аварсан “Хүндэт донор” Б.Батманлайтай ярилцлаа.
Та ер нь яагаад цусаа хандивлах, цусны донор болохоор шийдсэн бэ?
-2016 онд анх сайн үйлс хийе гээд анх удаа цусаа өгч байсан. 2019 оноос хойш бол тасралтгүй өгч байна.
Та нийт хэдэн удаа цусаа өгсөн бэ?
-Одоогийн байдлаар 61 удаа өгөөд байна.
Тэгэхээр нийт 183 хүний амь насыг аварсан гэсэн үг үү?
-Тийм
Таны өгсөн цус хэн нэгний амийг аварч байгаа гэж бодох үед таньд ер нь ямар мэдрэмж төрдөг вэ?
-Эхэндээ бол сайн үйлсийн аян гэдэг утгаар нь цусаа өгдөг байсан. 2019 онд манай гэр бүлийн хүн цус сэлбүүлэх шаардлагатай болоод тэрнээс хойш ерөнхийдөө энэ бол хариуцлага гэж хүлээж авдаг болсон.
Ер нь цусны донор болоход эрүүл амьдралын хэв маяг хэр чухал вэ?
-Цусаа өгөхөд цусаа өгсний дараа ер нь анхаарах шаардлагатай зүйлсүүд байдаг. Цусаа өгөхөөс өмнөх өдөр нь шарсан хуурсан хоол хүнс хэрэглээгүй байх, сүүлийн 72 цагт архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх, гэх мэтчилэн дэглэмүүдийг барьсан байх хэрэгтэй.
Цусаа өгсний дараа бол ердийн хэмжээнээсээ илүү шингэн юм сайн уух, цусаа өгсөн гар дээрээ ачаалал өгөхгүй байх гэх мэт зүйлсүүд байдаг. Тэгээд цус өгөхөөс өмнө бөглөдөг асуумжийн цаасаа үнэн зөв бөглөх хэрэгтэй.
Нэг талаараа хандив гэж байгаа боловч хүний амь настай холбоотой асуудал учраас хариуцлагатай байх хэрэгтэй. Заримдаа найз нөхөдтэйгөө уулзаад пиво, вино уух нөхцөл үүснэ. Гэхдээ би ингээд цусаа өгөх гээд биеэ бэлдэж байгаа уучлаарай өнөөдөр би хэрэглэхгүй ээ гээд өнгөрөөх тохиолдол бий.


Цусны донор болоход цусны бүлэг хэр хамааралтай вэ?
-Миний бодлоор бүлэг бол хамаагүй гэж бодож байна. 4 нь янзын түгээмэл бүлэг байгаа. Тэр бүлэг маань нийтлэг учраас хэрэгцээтэй хүмүүсдээ таарна.
Таны хамгийн ойрийн зорилго юу вэ?
-Би жишээ нь 61 удаа цусаа өгсөн байна. Тэгэхдээ Монголд 200 удаа цусаа өгсөн топ донор байгаа. 150 удаа өгөөд алтан донор болох жишээний. 100 удаа өгөөд мөнгөн донор. 70 удаа өгөөд хүрэл донор болох гэх мэт. Миний хамгийн ойрын зорилго бол хүрэл донор болох байгаа.
Таны хувьд Монгол улсын иргэн гэдгээс гадна бас Хүндэт донор гэх нэршил таны нэрний өмнө байна шүү дээ. Энэ талаараа та ер нь ямар бодолтой байна вэ?
-Сайхан санагддаг. Эмэгтэй хүн алдарт эхийн одон ямар ч арын хаалгагүй авдаг гэдэг шиг цусны донор бол өөрийн эрүүл мэндээ мөн хянахын хажуугаар цусаа бусдад хандивлаад, сайн дурын үндсэн дээр болохоор бахархалтай санагддаг.


61 удаа цусаа хандивлаад 183 хүний амь насыг аварсан. Хүндэт донорын хувьд та бусдад юу гэж уриалж хэлмээр байна вэ?
-Жил бүрийн 6 сарын 14-ний өдөр Дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байгаа. Энэ өдөр өөрийнхөө төлөө болон бусдын төлөө нэгдээрэй гэж залуусдаа болон монголчууддаа уриалж байна.
Ч.Энхзул








