
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Эль Сальвадор улсын Ерөнхийлөгч Найиб Букелетэй Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа үеэр ОХУ-Украины дайнд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар буруутай хэмээн мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп оросуудын Сумы хотод үзүүлсэн пуужингийн цохилт нь алдаа байсан хэмээн өмнө нь мэдэгдсэн явдлаа сэтгүүлчдэд тайлбарлахдаа, “Дайныг эхлүүлэх нь өөрөө алдаа байсан. Ж.Байден ч тэр, В.Зеленский ч тэр дайныг зогсоож чадах байсан. В.Путин анхнаасаа дайн эхлүүлэх ёсгүй байсан юм. Бүгд буруутай. Гуравхан хүнээс болж сая сая хүн амь үрэгдэж байна” хэмээн мэдэгджээ.
Түүнээс гадна сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Д.Трамп ОХУ-д галаа зогсоох гэрээнд гарын үсэг зурах сүүлийн хугацааг зааж өгсөн талаар дурдсан байна. Тэрээр Вашингтоны ОХУ-Украины дайныг дуусгах тал дээр хийж буй хэлэлцээнүүд амжилттай болж байгааг онцлон, удахгүй ОХУ, Украины талаас сайн мэдээ сонсоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Н.Букелетэй хийсэн уулзалтынхаа өмнө Д.Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ өмнөх Ерөнхийлөгч Ж.Байден, Украины төрийн тэргүүн В.Зеленский нар Украинд дайн эхлэхийг зөвшөөрч, маш муу ажилласан хэмээн, ОХУ-Украины дайныг “Байдены дайн” хэмээн бичжээ.