
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Катарын хааны гэр бүлээс бэлгэнд авсан 400 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн Boeing 747-8 загварын онгоц Ерөнхийлөгчийн Air Force One хөлөг онгоцны үүргийг түр гүйцэтгэхэд бэлэн болжээ.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Мэрилэнд дэх Эндрюс тэнгисийн нисэх хүчний нэгдсэн бааз дээр болсон Ерөнхийлөгчийн Air Force One хөлөг онгоцны үүргийг түр гүйцэтгэх онгоцыг танилцуулах арга хэмжээнд оролцжээ. Катарын хааны гэр бүлийн зүгээс бэлэглэсэн Boeing 747-8 онгоцыг Air Force One онгоцны стандартад нийцүүлж өөрчилж шинэчлэхэд мөн тус онгоцонд аюулгүй байдлын шаардлагатай тоног төхөөрөмжийг суулгах зэрэгт Вашингтон 1 тэрбум ам.доллар зарцуулжээ. Ерөнхийлөгч Д.Трампын хэлснээр тус онгоц ирэх сарын 4-нд АНУ тусгаар тогтсоны 250 жилийн ойн баярын өдрийн агаарын үзүүлбэрийг манлайлах аж.
Катараас бэлгэнд авсан Boeing 747-8 нь Цагаан ордны худалдаж авсан шинэ Air Force One онгоцнууд бэлэн болох хүртэл АНУ-ын Ерөнхийлөгчийн хөлөг онгоцны үүргийг түр гүйцэтгэх аж.
Өнгөрсөн оны 5-р сард Катарын хааны гэр бүл АНУ-ын Батлан хамгаалахын яаманд Boeing 747- 8 загварын онгоцыг ямар ч болзол нөхцөлгүйгээр хандивласныг Д.Трампын засаг захиргаа хүлээн авснаар сөрөг хүчнийхний төдийгүй нам нэгтнүүдийнхээ шүүмжлэлд өртсөн билээ.
Америкийн Ардчилсан намынхан болон ажиглагчид АНУ-ын засаг захиргаа өндөр үнэтэй онгоц бэлгэнд авах нь ёс зүйгүй, үндсэн хуульд харшилсан, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хэмээн тодорхойлж, Катарын хааны гэр бүл Д.Трампын засаг захиргаанд онгоц бэлэглэсэн нь зөвхөн хээл хахуулийн чанартай байгаад зогсохгүй гадаадын засгийн газар АНУ-д нөлөөллөө тогтоож буй явдал хэмээн буруушааж байсан билээ.
Эх сурвалж: BBC








