
БНХАУ хар тамхи наймаалсан хэргээр Канад улсын дөрвөн иргэнийг цаазалсан байна. Оттавагийн зүгээс уг явдлыг хатуу буруушааж буйгаа мэдэгджээ.
Канадын Гадаад харилцааны сайд Мелани Жоли өнгөрсөн лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ БНХАУ-д цаазын ял хүлээсэн 4 иргэн нь 4-үүлээ хоёр улсын иргэншилтэй байсан болохыг мөн Бээжин дээрх 4 иргэний цаазын ялыг энэ оны эхээр гүйцэтгэсэн болохыг онцолжээ. Канадын зүгээс Бээжингээс тус улсад хар тамхины хэргээр хоригдож, цаазын ял авах магадлалтай Канадын иргэдэд өршөөл үзүүлэхийг хүснэ хэмээн мэдэгджээ.
Канадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Шарлотт МакЛеод Оттава Бээжин цаазын ял гүйцэтгэж байгааг эрс буруушааж, Канад улсын зүгээс төрийн дээд түвшинд Бээжингээс дээрх иргэдэд өршөөл үзүүлэхийг нэг бус удаа хүсэж, ямар ч тохиолдолд цаазын ялын эсрэг байр сууриндаа үнэнч байх болно хэмээн мэдэгджээ.
Канад дахь БНХАУ-ын элчин сайдын яамнаас, “Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь нийгэмд ноцтой хор хөнөөл үзүүлдэг нь тогтоогдсон онц хүнд гэмт хэрэг учраас аль ч улсад ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хатуу шийтгэл оногдуулдаг. БНХАУ нь хар тамхитай холбоотой хэрэгт хатуу шийтгэл оноож, хар тамхитай холбоотой асуудалд өршөөл, уучлалт үзүүлэхгүй байх зарчмыг баримталдаг.” хэмээн мэдэгдэж, цаазаар авхуулсан Канад улсын иргэдийн буруутай нь хөдөлшгүй баримт нотолгоогоор тогтоогдсон болохыг онцолжээ.
Түүнчлэн Хятадын шүүх тогтолцоо дээрх хэргүүд дээр хууль ёсыг чанд сахин ажиллаж, ингэхдээ Канад улсын иргэдийн эрх, ашиг сонирхлыг бүрэн хангасан гэжээ. Тийм ч учраас Бээжин Канад улсаас БНХАУ-ын хууль, шүүхийн бие даасан байдлыг хүндэтгэж, хоёр улсын харилцааг сайжруулахын тулд элдэв хариуцлагагүй мэдэгдэл хийхээ зогсоохыг уриалжээ.