
Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ. Боловсролын үнэлгээний төвийн дарга Г.Гантуяагаас ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын талаар тодрууллаа.
X, XI ангийн сурагчид Монгол хэл, бичгийн шалгалтад өөрийн хүсэлтээр орох боломжтой болжээ. Энэ шалгалт хэзээ болох вэ?
– Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн. Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах болно. Шалгалтын бүртгэлийн хураамж 10.000 төгрөг байна. Харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.
Шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
– Шалгуулагч Боловсролын үнэлгээний төвийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна.
Үүнд:
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
- Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
- Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
- Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч бүртгүүлэх бол ямар материал бүрдүүлэх вэ?
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол дараах бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлсэн байна.
Үүнд:
- Өргөдөл хүсэлт
- Эмчийн магадалгаа
- Сургуулийн тодорхойлолт
Шалгалтын тов гарсан уу? хэзээ болох вэ?
– Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 18, 19-нд болно.
04 дүгээр сарын 18-ны баасан гарагт 10.00-11.40 цагт болно. Уг шалгалтад 12 дугаар ангиын сурагчид хамрагдах бол 04 дүгээр сарын 19-ний бямба гарагт 10.00-11.40 цагт 11 дүгээр ангийн сурагчид болон тухайн өдрийн 14.00-15.40 цагт 10 дугаар ангийн сурагчид тус тус хамрагдах юм.
Шалгуулагчид шалгалт өгөхдөө ямар материалыг бүрдүүлж ирэх вэ?
– Дээрх шалгалтуудад хамрагдах сурагчид,
- Бүртгэлийн хуудас
- Суудлын хуваарь
- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргийг бүрдүүлэн ирж шалгалтандаа орох боломжтой юм.