
Цагаан сар айсуй. Айсуй энэ баяраар айл өрх бүр идээ засаж, бууз хийдэг. Тавгийн идээ нь өнгөтэй сайхан байвал тухайн айл тэр жилээ өөдлөн дэвшинэ хэмээн бэлгэддэг сэн. Цагаан сар бүрээр л “Гандангийн хэвийн боов” гэх үг сонсож өссөн би бээр Гандантэгчинлэн хийдийн гал тогоо руу орж үзсэн нь энэ.
“Гандангийн хэвийн боов” нэрээр брэнд болтлоо түмэн олноо танигдсан тэрхүү хэвийн боовны үйлдвэрлэл хэрхэн явагддагийг орж сонирхлоо. Ламхай нар бэмбий нухаад сууж байдаг юм болов уу? гэх асуулт асуулттай иртэл өөр, өөр ажил мэргэжлийн 13 эрэгтэй ажиллаж байлаа. Цөм амны хаалт зүүжээ. Дор бүрнээ хариуцсан ажлаа хийгээд завгүй.
Гандангийн хэвийн боовыг хийдэг “догь ах нар”-тай дараах видеог үзэж танилцаарай.
ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?
Автомат машин руу гурил, шар тос зэрэг зуурмагт шаардлагатай зүйлсийг хийж харагдана. Хажууханд нь цөм ширээ тойрч суужээ. Хэвийн боовны зуурмагийг нэг залуу жинлэж өгч байгаа харагдана. Нэг хэвийн боовыг 470 гр гурилаар хийдэг гэнэ. Тэд өдөр бүр тонн гурилаар 3000 ширхэг хэвийн боов хийдэг ажээ.
Дөрвөн хүн бэмбий нухаж, таван хүн хэв дарж байгаа харагдана. Чанга дарвал гар хааяа өвдөнө өө хэмээн учирлана. Араас нь “Хүн хөгширч биш хөшиж үхнэ гэдэг шүү дээ” гээд инээмсэглэх.
Хамгийн наана нэг хүн хэвийн боовнуудыг төмөр цар дээр өрж, сэрээгээр хатгана. Эл ажлын мист дээр хуваарилагдсан хүнийг С.Ганболд гэнэ. Харахад хамгийн амар ажлыг хийж буй юм шиг ч тухайн хэвийн боов “царай муутай” болох эсэхийг “шийддэг” хамгийн чухал хүн.
Тэднээс арван алхмын цаана, хажуу өрөөнд хоёр залуу хэвийн боов хайрч зогсоно. Гурван тогоонд хоёул зэрэг хайрч байлаа. Нэг тогоонд нь 600 гаруй литр тос ордог гэнэ. Гурилынхаа зуурмагт шар тос, хайрахдаа ч мөн бага хэмжээний шар тос хийдэг аж. Нэг тогоонд 100 гаруй хэвийн боовыг зэрэг хийж, 25-30 минут хайрдаг гэлээ. Халуун тогооноос гарч ирсэн хэвийн боовыг тавцан дээр жигд өрж, нэг өдөр хөргөөд, хайрцагладаг юм байна.
АМТАТ ДУРСАМЖ…
-Гандангийн хэвийн боовыг 1944 оноос хийж эхэлсэн гэсэн. Таны хувьд Гандангийн хэвийн боовыг хэдэн онд анх идэж үзэж байв. Одоо тэр үеийн амт, чанар хэвээрээ байгаа гэж боддог уу?
Гандантэгчинлэн Хийдийн бурхан сангийн нярав М.Ганхуяг: -Би Гандантэгчинлэн Хийдэд өвөө, эмээгээ дагаад зургаан настайдаа орж ирж байлаа. Өвөө, эмээ маань Гандангийн дэнжид энүүхэн зүүн урд амьдарч байсан. Өвөө, эмээгээ гэртээ хэвийн боов хийж байхыг, өөр газраас авч байхыг нь харж байгаагүй. Гандангийн хэвийн боовоор л идээгээ засдаг байсан. Нутгийн улс шар тос бариад ороод ирэхэд, өвөө, эмээ өнөө хэвийн хэвийн боовоороо алгыг нь дээш харуулна. Нандигнан, нандигнан өгнө. Авч байгаа нь хурлын юм, орон хийдийн юм гээд их сүсэглэж авдаг сан. Би харин идчих санаатай. Заримдаа хугалж бариад л гэр рүүгээ орж байгаа юм чинь. Их л гоё амттай. Одоо ч ялгаагүй ээ. Өчигдөр би нэг хэвийн боов цайнд хөшиглөж идчихээд гарч ирсэн. Сайхнаараа байна лээ.
Айлын хүүхдүүд аав, ээжийнхээ цагаан сарын хэрэглээг нэг, нэгээр нь даадаг даа. Би бол ээжийнхээ сар шинийн хэвийн боовыг нь даадаг юм.
ҮНЭ, ХАЯГИЙГ НЬ АСУУХ ГЭЖ БАЙНА УУ?
Гандангийн хэвийн боовны гол орц бол шар тос. Тэд шар тосоо Баянхонгор болон Архангай аймгаас авдаг гэнэ. Энэ жил шар тос их үнэд орсон учир хэвийн боовоо нэгийг нь 7500 төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Зөвхөн Гандантэгчэнлин хийдийн баруун хаалганы дэргэдэх “Гандан дэлгүүр”-т борлуулдаг юм байна шүү.