ChatGPT буюу хүний хэлээр харилцах чадвартай хиймэл оюун ухаантай Монголоор ярьж, сошиал орчинд танигдаад буй залуутай танилцацгаая.
Түүнийг Ким Бу Ён гэдэг. БНСУ-ын иргэн. Монгол нэрийг Буянаа гэнэ. Өдгөө 37 настай тэрбээр 20 настайдаа эх орноосоо гарчээ. Монголд ирэхээсээ өмнө есөн жил Японд амьдарсан гэх. Монголд ирээд хоёр жил сайн дурын ажил хийж, удаах таван жил нь мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-т ажиллажээ. Улаанбаатарын 13 дугаар хорооллыг түүний “дош” гэж хэлж болно.
Одоо Японд эхнэр, хоёр охиныхоо хамт ажиллаж, амьдарч буй. Бизнесийн салбарын хүн. Тэндээ мөнгө хурааж, байрны мөнгөтэй болтлоо хөдөлмөрлөнө гэх. Дахиад 10 жил суурин амьдрахаар төлөвлөж буйгаа нуусангүй.
Эх орноо санахгүй байна уу та гэхэд “Саналгүй яах вэ. Аав, ээжийгээ, эгчийгээ санаж байна. Хадам аав, ээжтэйгээ ч бас хамтдаа нэг ширээнд суугаад хоол идмээр байна” хэмээнэ.
Монгол залуусын хүслэн болсон орноос эх орныг минь зорьсон ирсэн түүнээс яагаад Монголд ирж ажиллаж, амьдрах сонголт гаргасныг нь сониучирхав.
Тэрбээр “Монголд амьдрах жоохон хэцүү байсан. Гэхдээ би Монголчуудад их талархдаг. Учир нь монголчууд “күүл”. Би Монголд очихоосоо өмнө “күүл сэтгэл”-гүй байсан” гэж ярих.
Түүний хамгийн дуртай хоол хуушуур. Монголд долоон жил амьдрахдаа монголын хөдөө нутгаар бас ч гэж тэнээд амжжээ.
Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь аймгуудад, Тэрэлжид мөн очиж үзсэн гэнэ.
-Гэр бүлийн тан хүн бас Монгол хэл мэддэг гэж сонссон. Та хоёр гэртээ Монголоор ярьдаг уу, Солонгосоор ярьдаг уу, Японоор ярьдаг уу?
-Бид эх хэлээрээ ярьдаг. Харин хүүхдүүд маань биднээс нууцаар Монголоор ярьж байхыг нь сонссон. Бага охин маань Монголд төрсөн.
Тэрбээр ярилцлагын төгсгөлд яагаад ChatGPT ашиглан контент хийх болсноо ярилаа.
Тэрбээр “Одоо миний ажиллаж байгаа газар Солонгос, Япончууд элбэг. Тэр утгаараа Монголоор ярих боломж олддоггүй. Монгол хэлээ мартахгүйн тулд юу хийвэл зүгээр бол гэж өчнөөн бодсон. Тэгээд ChatGPT ашиглан Монголоор ярьж үзсэн чинь хөгжилтэй санагдсан. Хөгжилтэй санагдсан учир бичлэг хийчихсэн” гэв.