Бид энэ удаа сонгогчдын боловсролд зориулан сонгуулийн тогтолцооны ангиллын талаарх мэдээллийг хүргэе.
Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны олон хувилбар үйлчилж байгаа. Тэдгээрийг дотор нь хялбарчлан сонгуулийн олонхыг төлөөлөх тогтолцоо, сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо, сонгуулийн холимог тогтолцоо гэсэн гурван ангилалд авч үздэг.
Эдгээрийн алинд ч хамааруулж болохооргүй үл шилжих нэг саналын, хязгаарлагдмал саналын, саналыг дугаарлаж өгөх Бордагийн тооцооны арга гэсэн сонгуулийн тогтолцооны ангилал бий.
НЭГ. Олонхыг төлөөлөх ( мажоритар) тогтолцоо
Тодорхой нэр дэвшигчээр дамжуулан сонгуулиар байгуулагддаг эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог олонхыг төлөөлөх тогтолцоо гэнэ. Энэ нь бусад намтай харьцуулахад тойрогтоо олонх сонгогчдын санал авсан нэг (нэг мандаттай тойргийн үед), эсхүл нэг намын жагсаалтад харьяалалтай хэд хэдэн нэр дэвшигч (олон мандаттай тойрогт) сонгогдсонд тооцогдох олонхын зарчимд үндэслэгдэнэ.
Мажоритар тогтолцооны үед олонхыг:
- Тодорхой,
- Үнэмлэхүй,
- Харьцангуй гэсэн төрлүүдэд ялган авч үздэг.
Тодорхой олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нэр дэвшигчийн (нэр дэвшигчдийн жагсаалт) сонгогдсонд тооцоход шаардлагатай тодорхой саналын хувийг хуулиар тогтоож өгдөг байна. Энэ хувь нь голдуу 50+1 санал байж болох боловч үүнээс өөр ч байж болох юм.
Хэрвээ тодорхой олонхын мажоритар тогтолцооны үед нэг ч ялагч тодроогүй бол хоёр дахь шатны санал хураалт болно. Хоёр дахь шатанд тухайн тогтолцоогоор шинэ санал хураалтад бусдаа бодвол хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх, эсхүл өөр байдлаар зохион явуулах боломжтой.
Үнэмлэхүй (ердийн) олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нийт санал өгсөн сонгогчдын (хүчингүй саналын хуудсыг тооллогоос хасдаг) 50-аас доошгүй (хамгийн багадаа) хувийн санал авах шаардлагатай. Энэ тохиолдолд мөн нэг ч ялагч тодроогүй бол хоёр дахь шатны санал хураалт болно.
Харьцангуй олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нэр дэвшигч (нэр дэвшигчийн жагсаалт) сонгогдохын тулд өөр дурын нэр дэвшигчээс (жагсаалт) илүү санал авах ёстой. Энэ тогтолцоо нь дээрх хоёртой харьцуулахад өртөг өндөр хоёр дахь шатны сонгууль явуулах шаардлага үүсгэдэггүй гэдгээр давуу талтай боловч сонгуульд олон нэр дэвшигч оролцож байгаа тохиолдолд сонгогчдын санал хуваагдах магадлал өндөр.
Олонхыг төлөөлөх тогтолцоо нь харьцангуй олонхын, багц саналын, намын багц саналын, дараалал тогтоож саналаа өгөх альтернатив саналын, хоёр шатлалтай саналын гэх мэт хувилбаруудтай.
ХОЁР. Хувь тэнцүүлэн хуваарилах ( пропорционал) тогтолцоо
Нам эвслийн төлөөллөөр дамжуулан сонгуулиар байгуулагддаг эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо гэнэ. Нам эвслийн авсан саналын хувьтай мандатын тоо нь уялдаж байх ёстой. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо нь жагсаалтын, шилжих бололцоотой нэг саналын гэх мэт олон хувилбартай.
Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоонд:
- Нам эвслүүдэд суудал хуваарилах тооцоо нь давуу тал олонтой ч зарим талаар хүндрэлтэй
- Ихэнх тохиолдолд сонгуулийн босго тогтоох замаар суудлыг хуваарилдаг
- Сонгуулийн босгыг ихэнхдээ тухайн тойрог/улсын хэмжээнд/-ийн сонгуулийн хүчинтэй саналын тоог мандатын тоонд харьцуулж тодорхойлдог
- Намын нэрийн жагсаалтаас хэдэн хүнд мандат хуваарилагдах вэ гэдэг нь босго саналын тоо тухайн намын авсан саналын тоонд хэд дахин багтаж байгаагаар илэрхийлэгдэнэ
- Үлдэгдэл саналыг хэрхэн хуваарилах нь хамгийн том асуудал
ГУРАВ. Холимог тогтолцоо
Олонхыг төлөөлөх, хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны аль алиных нь шинжийг агуулдаг. Энэхүү тогтолцоог холимог хувь тэнцүүлсэн, зэрэгцээ (параллел) гэж ангилж болно.
Холимог хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогчдын өгсөн нэг саналаар хоёр өөр тогтолцооны суудал хуваарилах аргыг хэрэглэдгээрээ онцлог юм. Зэрэгцээ (параллел) саналын арга нь сонгогч олонхыг төлөөлөх хэсэгт 1 санал, хувь тэнцүүлэн хуваарилах хэсэгт 1 санал өгдгөөрөө ялгаатай.
Сонгуулийн янз бүрийн тогтолцооны эцсийн үр дүн нь олон янз байж болох бөгөөд ялангуяа илэрхий олонх байхгүй тохиолдолд бүр ч илүү мэдрэгддэг. Иймээс сонгуулийн тогтолцоог сонгохдоо хэлбэр талаас нь биш агуулгаар нь авч үзэхийг онолын талаас нь шаардах болжээ.
Сонгуулийн тогтолцооны агуулгад дор дурдсан хүчин зүйлүүдийг зайлшгүй тооцох хэрэгтэй байдаг. Үүнд,
Сонгуулийн тогтолцооны агуулгад:
- Саналаа илэрхийлэх хэлбэр;
- Нэр дэвшигчийн асуудал;
- Санал адил жинтэй байх шаардлага;
- Саналын босго тогтоох арга
- Сонгуулийн тойрог, сонгогчид хамаарах үндэсний болон хүйсийн онцлогийг тооцож үзэх шаардлага.
Олон ялагчдыг тодруулах арга:
- Хувь тэнцүүлэн хуваарилах арга;
- Хагас хувь тэнцүүлэх арга;
- Холимог тогтолцооны арга.
Ганц ялагчийг тодруулах арга:
- Нэг болон дараалалд оруулсан саналын арга;
- Шилдгийг тодруулах олон шатлалтай саналын арга;
- Зэрэглэх саналын арга (саналаа дугаарлаж өгөх, хэлэлцүүлэгтэй санал өгөх);
- Нэг ялагчийг шалгаруулах үнэлгээний шалгуур зэргийг харгалзан үзэх хэрэгтэй