
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Уг төслийг УИХ-д өргөн бариад хагас жил өнгөрч байгаа бөгөөд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлын нэг болоод байна. Хуулийн хамгийн чухал өөрчлөлт нь хүүхэд, өсвөр үеийнхэн болон залуусыг хэрэглэгч болгох зорилготой электрон тамхины амт, үнэртэй бүтээгдэхүүнийг хязгаарлах зохицуулалт юм.
Yale-ийн Их сургуулийн судлаачдын хийсэн шинэ судалгаанд гаа болон ментол төрлийн хөргөх үйлчилгээтэй амт оруулагч бодисууд нь залуу хэрэглэгчдийн донтох мэдрэмжийг улам хүчтэй өдөөдөг болохыг дурдсан байна.
Үүнээс гадна сүүлийн үеийн судалгаанууд электрон тамхи нь зөвхөн донтох эрсдэл төдийгүй зүрх, уушги, тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байна. Зарим судалгаагаар электрон тамхины уурнаас ялгарч буй химийн бодисууд зүрхний хэм алдагдах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзжээ.
Мөн олон улсын томоохон тойм судалгаагаар электрон тамхи хэрэглэдэг залуус энгийн тамхи татаж эхлэх магадлал гурав дахин өндөр байгааг онцолсон байна. Электрон тамхины хэрэглээнээс шинэ үеэ хамгаалах бодлогыг дэлхийн олон улс хэрэгжүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглож, 20 гаруй улс амт, үнэртэй бүтээгдэхүүнийг хязгаарлаад байна. Судалгаагаар ийм төрлийн бодлого хэрэгжүүлсэн улс орнуудад өсвөр насныхны тамхидалтын түвшин 15-25 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Иймээс Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн нэг бүтээгдэхүүний зохицуулалт бус, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын эрүүл мэндийг хамгаалах чухал шийдвэр болоод байна.
Хуулийг хэн дэмжиж, хэн гацаах нь УИХ-ын гишүүдийн нийгмийн өмнөх бодит байр суурь, хариуцлагыг харуулах шалгуур болох нь дамжиггүй. Ирээдүйгээ никотинд бус, эрүүл нийгэмд даатгах уу гэдэг сонголтын өмнө Монгол Улс ирээд байна.








