ОХУ шатахууны экспортоо 3-р сараас 9-р сарыг хүртэл буюу нийт 6 сарын турш хэсэгчлэн зогсоохоор болжээ. Энэ талааар ОХУ-д байршилтай RBC агентлаг мэдээлжээ. Мөн энэ мэдээллийг ОХУ-ын шадар сайд Александр Новакийн хэвлэлийн төлөөлөгч баталсныг Тасс агентлаг онцолсон байна. Уг шийдвэр нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улс орнууд болох Беларусь, Казахстан, Киргиз, Армен, мөн Монгол, Узбекистан, Абхаз, Өмнөд Осет-д хамаарахгүй. Учир нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ОХУ нь шатахуун тогтмол нийлүүлэх үүрэг хүлээсэн байдаг байна. ОХУ-ын эрх баригчид ийнхүү улс орнууд руу хийх шатахууны экспортоо хэсэгчлэн зогсоож буй нь үнийн хөөрөгдөлд орсон дотоодын зах зээлээ тогтворжуулах зорилготой гэх тайлбарыг тус улсын эрчим хүчний дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс нь өгсөн байна. Сүүлийн саруудад ОХУ даяар бензин, дизель түлшний хомсдолд ороод байгаа бөгөөд улмаар шатахууны бөөний үнэ огцом өссөн байдалтай байгаа аж.