
Өнгөрсөн баасан гарагт Тайландын нийслэл Бангкок хотын захад байрлах дунд сургуулийн 14 настай эрэгтэй сурагч сургууль дээрээ зэвсэгт халдлага үйлдсэний улмаас 3 багш, 2 ажилтан, 1 сурагч амь үрэгдэж, 22 хүн шархаджээ.
Уг хэрэг явдалтай холбоотойгоор Тайланд улсын Ерөнхий сайд Анутин Чарнвиракул галт зэвсгийн хяналтын хуулиа чангатгаж, олон нийтийн газар галт зэвсэг биедээ авч явахыг зөвхөн төрийн албан хаагчдад зөвшөөрсөн журамтай болно хэмээн амлажээ.
Сургууль дээр халдлага үйлдэхээсээ өмнө тухайн сурагч 73 настай өвөө, 74 настай эмээгээ буудан хөнөөсөн байсан ба өвөөгийнхөө бууг, олон арван сумны хамт нуун сургууль дээрээ ирж, хичээлийн дундуур гэнэт гал нээж эхэлжээ.
Цагдаа нарыг хэргийн газарт ирэх үед халдлага үйлдсэн сурагч өөрийгөө буудан хөнөөсөн байжээ. Тайландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр цагдаа нар халдлага үйлдсэн сурагчийн гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдээс АНУ-д болсон сургуулийн халдлагуудтай холбоотой дүрс бичлэгүүдийг олсон байна.
Аав ээж нь салсан тул хүү эмээ өвөөтэйгөө амьдардаг байсан ба түүнийг гадаа гардаггүй, ихэнх цагаа өрөөндөө видео тоглоом тоглож өнждөг байсан тухай хамаатан саднууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьжээ.
Тайланд нь галт зэвсэг эзэмшигчдийнхээ тоогоор Зүүн Өмнөд Азийн орнуудыг тэргүүлдэг ба тус улсад иргэд болон хуулийн этгээдийн өмчлөлд нийт 6 сая гаруй галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж. Тайланд улс нь галт зэвсгийн хяналтын тухай хууль чангатай орнуудын тоонд ордог ба хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн этгээдэд 10 хүртэлх жилийн ял оноох хуультай аж. Гэсэн ч тус хуулийн хэрэгжилт сул тул иргэдийн хууль бусаар эзэмшиж буй галт зэвсгүүдийн тоо 4 саяд ойртжээ.







