
Өчигдөр Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувьд хүргэж, инфляцын хоёрдогч нөлөөг хязгаарлах арга хэмжээ авч байна. Монголбанк инфляц энэ сараас саарч, ирэх оны дунд үеэс зорилтот интервалд орж тогтворжих боломжтой гэж үзэж байгаа ч энэ нь шатахууны үнэ дахин огцом өсөхгүй, мах болон хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэх зэрэг нөхцөлөөс хамаарна.
Ингээд 10 жилийн өмнөхөөс өнөөдрийн үнийг харьцуулахад нэг зүйл тодорхой харагдана.
Засгийн газрын нэр олон удаа өөрчлөгдсөн ч иргэдийн хувьд хамгийн том өөрчлөлт нь дэлгүүрийн лангуун дээрх үнийн шошго байлаа.
Арван жилийн өмнө 8000 төгрөг байсан мах өнөөдөр 36 мянгыг давсан нь МАН-ын 10 жилийн засаглалын эдийн засгийн бүх үзүүлэлтийг дангаараа тайлбарлах тоо биш. Гэхдээ энэ арван жилийн хугацаанд иргэдийн амьдралд үнийн өсөлт хэр хүчтэй мэдрэгдсэнийг харуулах хамгийн энгийн, хамгийн ойлгомжтой харьцуулалтын нэг юм.
2016 онд 8000 төгрөг байсан үхрийн мах 36 мянга давжээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд тулгуурласан харьцуулалтаар 2016 онд нэг кг үхрийн цул мах 8000 төгрөг байсан бол 2026 онд 36,611 төгрөгт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл үнэ нь 357 хувиар өсөж, 4.6 дахин нэмэгджээ.
Хонины цул махны үнэ мөн адил огцом өссөн байна. 2016 онд 6000 төгрөг байсан нэг кг хонины цул мах 2026 онд 26,854 төгрөг болж, 347 хувиар буюу 4.5 дахин өссөн байна. Махны үнэ ийнхүү өссөн нь зөвхөн нэг жилийн үзүүлэлт биш. 2026 оны дөрөвдүгээр сард инфляц 10.1 хувьд хүрэхэд махны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн талаар мэдээлж байв.
Товчхондоо, арван жилийн өмнө өрхийн хүнсний зардлын хамгийн том хэсгийг эзэлдэг байсан махны үнэ өнөөдөр бүр ч хүнд дарамт болжээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ
Зөвхөн махны үнэ өссөнгүй. 2016 онд нэг ширхэг атрын талх 1100 төгрөг байсан бол 2026 онд 2879 төгрөг болж, 161 хувиар өссөн байна.
Алтан тариа 1-р гурилын үнэ 1055 төгрөгөөс 2376 төгрөг болж 125 хувиар, цагаан будаа 2000 төгрөгөөс 5000 төгрөг болж 150 хувиар өсжээ. Харин элсэн чихрийн үнэ 1800 төгрөгөөс 5116 төгрөг болж, 184 хувиар нэмэгдсэн байна. Хамгийн огцом өсөлтийн нэг нь ургамлын тос. 2016 онд 3200 төгрөг байсан бол 2026 онд 11,936 төгрөг болж, 273 хувиар буюу 3.7 дахин өсжээ.
Энэ тоонуудыг зөвхөн “үнэ өссөн” гэж харахаас илүүтэй иргэдийн худалдан авах чадвартай нь хамтатган авч үзэх шаардлагатай. Учир нь барааны үнэ хэд дахин нэмэгдэхийн зэрэгцээ цалин, орлого яг ижил хурдаар өсөж чадсан эсэх нь өрхийн бодит амьдралд илүү чухал үзүүлэлт юм.
2016 онд Улаанбаатарт АИ-92 бензин литр нь ойролцоогоор 1530 төгрөг байсан бол 2026 онд 2840 төгрөг болжээ. Ингэснээр үнэ нь 86 хувиар өссөн байна.
Дизель түлшний хувьд өсөлт бүр өндөр. 2016 онд 1640 төгрөг байсан дизель түлш 2026 онд 4185 төгрөг болж, 155 хувиар өсжээ. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн автомашинтай иргэдийн зардлыг өсгөдөггүй. Тээвэр, хүнсний нийлүүлэлт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн зардалд дам нөлөөлдөг учраас эцсийн дүндээ өрхийн худалдан авдаг олон бүтээгдэхүүний үнэд шингэдэг.
ҮСХ-ны мэдээллээр 2024 оны эцэст Улаанбаатарт АИ-92 бензин литр нь 2390 төгрөг байсан бөгөөд 2025 онд дахин нэмэгдсэн байна.
10 жилд таван Засгийн газар
Ийнхүү арван жилийн хугацаанд Засгийн газрын тэргүүн таван удаа солигджээ. Харин иргэдийн хувьд Ерөнхий сайдын нэрээс илүүтэй зах дээрх махны үнэ, дэлгүүрийн хүнсний үнэ, шатахууны үнэ өдөр тутмын амьдралд шууд мэдрэгддэг.
- 2016 онд нэг кг хонины цул мах 6000 төгрөг байсан бол 2026 онд 26,854 төгрөг.
- АИ-92 бензин 1530 төгрөгөөс 2840 төгрөг.
- Ургамлын тос 3200 төгрөгөөс 11,936 төгрөг.
- Элсэн чихэр 1800 төгрөгөөс 5116 төгрөг.
МАН-ын засагласан арван жилийн гол асуулт нь зөвхөн “үнэ хэдэн хувиар өсөв?” биш. Харин “иргэдийн орлого энэ өсөлтийг гүйцэж чадсан уу, төрийн бодлого үнийн дарамтыг бууруулж чадсан уу, мөн энэ хугацаанд төрийн мөнгө хөрөнгө хэр үр ашигтай зарцуулагдав?” гэдэгт оршино. Арван жилийн өмнө 8000 төгрөг байсан мах өнөөдөр 36 мянгыг давсан энэ тоо өөрөө иргэдийн амьдралд гарсан өөрчлөлтийг харуулах хамгийн энгийн боловч хүчтэй харьцуулалт болж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Засгийн газар болон холбогдох нээлттэй мэдээлэл









