
Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал Улаанбаатар хотноо болж, дэлхийн 30 гаруй орны 600 орчим эрдэмтэн, судлаач оролцож байна. Энэ удаагийн хурлаар Монголын түүх, хэл, археологи, соёл болон орчин үеийн нийгэм, гадаад харилцааны чиглэлээр нийт 531 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн юм.
Тус хурал нь Монголын түүх, соёл, хэл бичиг, нүүдлийн иргэншлийн талаарх шинэ судалгаа, нээлтийг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд оруулах чухал ач холбогдолтой юм. Мөн Монгол Улсын түүх, соёлын онцлогийг дэлхий нийтэд таниулах, соёлын дипломат харилцааг өргөжүүлэхэд индэр болж байгаа аж.
Хурлын хүрээнд түүх, археологийн салбарын эрдэмтэд Хүннү, Түрэг болон Их Монгол Улсын үеийн хот суурин, археологийн олдворын талаарх шинэ судалгаагаа танилцуулж байгаа бол хэл шинжлэлийн чиглэлээр монгол хэлний аялгуу, монгол бичгийн дурсгал, кирилл бичгийн хөгжил зэрэг сэдвийг хэлэлцэж байна.
Мөн Монгол Улсын өнөөгийн нийгэм, геополитик, гадаад харилцаа, тэр дундаа “гуравдагч хөрш”-ийн бодлогын талаарх судалгаануудыг олон улсын эрдэмтэд хэлэлцсэн байна.
Хурлын үеэр Германы монголч эрдэмтэн Ульрике Гонсалес Монголын “Алтан үе”-ийн уран сайхны кинонуудыг түүхэн эх сурвалж болгон авч үзсэн судалгаагаа танилцуулжээ. Тэрбээр мөн хөдөөгийн иргэд нутаг оронтойгоо хэрхэн нягт холбоотой байдгийг судалж буйгаа онцоллоо.
Түүнчлэн Израилийн Иерусалимын Еврей их сургуулийн багш Монголын ардын аман уламжлалд гардаг “тийрэн” гэх сүнсний талаарх судалгаагаа олон улсын монголч эрдэмтдэд танилцуулжээ.
Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрээс цугласан монголч эрдэмтэд Монголын түүх, хэл, соёлын талаарх олон жилийн судалгаа, шинэ нээлтээ хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцсэн юм.
Видео үзэх:










Шинэ эриний МЕТА ОНОЛ АРГАЗҮГЭЭР ӨНДИЙНӨ ШҮҮ ДЭЭ. ЦААСАНД ДАРАГДСАН БАЙГАА. 2026.08.13