И.Маскын үүсгэн байгуулсан “Неоралинк” компани анх удаа хүний тархинд өнгөрсөн сард чип суулгасан. Тэгвэл тархиндаа чип суулгуулсан хүний биеийн байдал сайн байгаа ба зөвхөн бодлоо ашиглан компьютерын хулгана хөдөлгөж байгаа талаар И.Маск мэдээлжээ.
Түүнчлэн энэ үйлдлийг илүү ухаалаг, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа гэсэн байна.
Одоогоор туршилтад оролцогсдын талаарх нарийн мэдээлэл ил болоогүй байгаа юм. Тус компанийн гол зорилго нь чип ашиглан хүний тархийг компьютертой холбоход оршиж буй. Ингэснээр оюуны бэрхшээлтэй хүмүүс зөвхөн бодлоороо гар утас, компьютер ашиглах боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл “Неоралинк”-ийн чип тархины сигналыг дамжуулах үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Гэхдээ энэ туршилтын талаарх мэдээ гарсан даруйд Неоралинк компанийг хэт яаран хүн дээр туршилт хийлээ гэх шүүмж багагүй гарч байна.