Зуд залхуу малчны гадаа л ирдэг гэж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, алдарт хоньчин Ц.Намхайнямбуу хэлж байж. Эл үгээр иш татан малчдыг шүүмжилж буй дүр зураг олон нийтэд их харагдах болжээ. Зуд залуу малчны гадаа ирж болох ч, цагаан сарын дараах энэ цасан шуурга саяхан дэлбэрсэн газ тээврийн машины осолтой агаар нэг аж.
2010 онд болсон зуднаар манай улсын нийт 8.8 сая толгой мал хорогдож байв. Харин сүүлийн өдрүүдэд мал биш хүн үрэгдсэн мэдээлэл олон нийтийг эмзэглүүлэх боллоо. Малынхаа араас явсан нөхрөө олох гэж өөрөө эндсэн эмэгтэй, цасан нурангиас олсон цогцос гээд л… Цаашлаад зогсоогоороо хөлдсөн адуу, тал малаа тээрэмдүүлчихлээ гэж харамсах малчин…
Бид үүнтэй холбогдуулан зуд турхныг хор хохирол багатай даван туулсан хэд хэдэн жишээг толилуулъя
2010 оны зуднаар нэг ч малаа алдалгүй онд мэнд орсон малчин ч цөөнгүй аж.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын сайн малчин Б.Амаржаргал, Хаваржааныхаа ойр 15 га газрыг хашаалан хамгаалж, намар тэндээсээ хадлан бэлтгэн, өвөлдөө малаа бэлчээдэг байсан тулдаа нэг ч малаа алдалгүй айхтар зудыг давсан байгаа юм. Энэ бол цаг үеэ мэдэрсэн, бэлчээрийн шинэ загвар гэж “юм” мэдэх хүмүүс сайшааж байна. /Gogo.mn сайтын сурвалжилгаас иш татав/
Түүний адилаар өвөлжөөгөө шинээр барьж, өтөг бууцаар дулаалан, хадлан тэжээлээ хангалттай базаах зэргээр зудыг ажралгүй давдаг олон малчны жишээг дурдаж болно.
Өвлийн хүйтэн, хаврын хавсаргад малаа хорогдуулахгүй байх нэг том гарц бол дулаан, нөмөртэй өвөлжөө. Таана хөмүүл түүж, даршилж хадгалаад, тамирдсан малдаа хавар өгвөл сайн тэнхэрдэг гэж туршлагаа хуваалцсан малчны сурвалжилга ч бий.
Бид өмнө нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин Э.Лхагважавтай ярилцаж байв. Тэр одоогийн малчид малаа саахаа больчихлоо. Үнээгээ ч саах нь ховордсон тухай толгой сэгсрэн ярьж байсан юм. 56 жил мал малласан тэр орчин цагийн залхуу малчдаас ичдэг тухайгаа эрсхэн хэлсэн нь энэ.
Түүнчлэн НТВ телевиз Дорноговь аймаг дах нөхцөл байдлыг сурвалжилжээ.
Өвс тэжээлээ өөрсдөө хадах нь битгий хэл боодлоор нь худалдаж авсан тэжээлийнхээ талыг үнэгүй авсан гэх. Тэгсэн атлаа хүний өмнөөс амьдраад байна уу гэлтэй үйлээ үзэж, зовж буйгаа ярьсаар л.
Энэхүү дүр зургийг олон нийт шүүмжлэхдээ, "Урин дулаан цагт найр наадам хэсэж, айраг цагаа эргүүлсээр намрын бэлтгэлээ мартдаг малчин өдгөө захаас аваад бий. Мал бол малчдын өмч. Тиймдээ ч хэцүүдэх болгонд нь хандив тусламжаар тэтгэх шаардлагагүй" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна.
Харин нөгөө хэсэг нь гэнэтийн аюулт үзэгдлийг даван туулах аргагүй. Өөрсдөө малчны хотонд очиж үзээгүй атлаа малчдыг шүүмжилж буй буй хүмүүсийг ойлгохгүй байна. Малчдад бид дэм болох ёстой" гээд хандивын аян эхлүүлжээ.