Пакистаны ерөнхий сайд асан Имран Ханд дахин 14 жилийн ял оноолоо. Энэ удаа түүнийг 2018-2022 оны хооронд ерөнхий сайдын албан тушаалыг хашиж байхдаа эхнэр Бушра Бибигийн хамтаар төрийн санд тушаах ёстой бэлгээ худалдан борлуулсан гэх хэргээр буруутгажээ.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сараас хойш хэд хэдэн шалтгаанаар ийн хоригдож байгаа юм. Түүнчлэн ердөө нэг хоногийн өмнө түүнд улсын нууц задруулсан хэргээр 10 жилийн ял оноогоод байсан юм. Энэ бүхэн Пакистаны бүх нийтийн сонгууль болохоос долоон хоногийн өмнө л болж буй гэдгийг хэвлэлүүд тодотгож байна.
Хоёрдугаар сарын 8-нд болох сонгууль нь Пакистаны сүүлийн 77 жилийн түүхэн дэх олон нийтийн итгэл үнэмшил хамгийн сул сонгууль байх болно гэж шинжээчид үзэж байна.
Имран Хан нь залуу сонгогчдын дунд нэр хүнд өндөр бөгөөд түүнийг Пакистаныг цэргийн дарангуйллаас салахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.