Шинэ он гарч, кино урлагийн салбар дахь шилдгүүдийг тодруулах наадмууд эхэллээ. Энэ салхийг хагалж, “Алтан бөмбөрцөг”-ийн наадам хэдийн шилдгүүдээ тодорхойлсон юм. Харин өнөөдөр шилдэг олон ангит кино, цувралуудыг тодруулдаг “Emmy Awards” эхэлж байна. Угтаа “Emmy Awards” дөрвөн сарын өмнө зохион байгуулагдах ёстой байсан ч Холливудад өрнөсөн зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас болж хойшлогдсон нь энэ юм. Энэ удаагийн наадамд HBO-гийн “Succession”, “The Last of Us”, “White Lotus” зэрэг бүтээлүүд хамгийн олон номинацид нэр дэвшиж байна. Түүнчлэн “Найзууд” цувралын таван жүжигчин өнгөрсөн оны аравдугаар сард нас барсан жүжигчин Мэтью Перрид хүндэтгэл үзүүлж магадгүй байгаа юм. Тус наадмыг урьтаж болдог “Creative Arts Emmy” гэх үйл ажиллагааны үеэр хэд хэдэн шагналын эздийг хэдийн тодруулсан байгаа. Тухайлбал, “The Last of Us” цуврал хамгийн олон шагналын эзэн болж, найман шагналыг хүртжээ. “Creative Arts Emmy” энэ сарын эхээр болсон ба шилдэг зочин жүжигчин, нүүр будалт, визуал эффект тэргүүтэй хэд хэдэн шагналын эздийг тодруулсан. Харин өнөөдрийн наадам шилдэг бүтээл, жүжигчид зэргийг шалгаруулах юм.