Хорватын нийслэл Загреб хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн нэгдүгээр сарын 10-14-нд болно. Энэ тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр нарын удирдлага дор эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар зодоглоно.
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд олимпын эрх авсан тамирчид оролцох, цаашлаад медаль хүртсэн тохиолдолд чансаа нь ахих ба чансаагаар дээгүүрт жагссан тамирчид олимпын наадамд хэсэг толгойлох боломж бүрддэг юм.
Өнөөдрийн байдлаар Э.Дэлгэрмаа дэлхийн чансааны дэд байрт, Д.Отгонжаргал дөрөвдүгээрт байрт бичигдэж байна. Тэд өнгөрсөн жил Сербийн нийслэл Белград хотод болсон ДАШТ-ээс хоёул мөнгөн медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.