
Монгол бөхийн дэвжээ хүч бярын өрсөлдөөн гэхээс илүүтэй олон жилийн хөдөлмөр, шантрал, бэртэл гэмтэл, гэр бүлийн итгэл найдвар зэрэг зэрэгцэн оршдог. Зарим бөх цолонд хүрэхдээ амархан мэт харагддаг ч түүний ард бусдад харагдахгүй, харуулахыг ч хүсдэггүй олон жилийн тэмцэл бий.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат Э.Мөнхбаатар өнөө жилийн Үндэсний их баяр наадмаар Монгол Улсын начин хүртэж, улсын цолны босго алхсан юм. Ийнхүү Говьсүмбэр аймаг 20 жилийн дараа улсын цолтонтой болсон билээ. Бөх сонирхогчид, найз нөхөд, гэр бүлийнхэн нь түүнийг “Түнтэг” хэмээн дуудаг гэнэ. Багадаа бондгор, дүрсгүй хүү байсан учир өвөө, эмээ нь өхөөрдөн ийн дууддаг байсан нь өдгөө хэн бүхний андахгүй дууддаг нэр болжээ.
Тэрбээр “Өнөөдөр би энэ цолыг ганцаараа авсан юм шиг болов ч ижий, аав, гэр бүлийнхний маань хүсэж байсан цол. Хүсэж байсан зүйлийнхээ захад хүрнэ гэдэг үнэхээр сайхан юм байна. Цол авчихаад хамгийн түрүүнд ээж, аав хоёртойгоо утсаар яримаар, хоолойг нь сонсмоор санагдсан. Одоо бол хурдхан нутаг руугаа явмаар байна. Урьд нь нутаг руугаа явмаар санагдвал шөнө ч хамаагүй гараад давхичихдаг байлаа. Манай аймаг чинь ойрхон шүү дээ. Нутаг руугаа энэ сарын 23-нд явах гээд хоног тоолон сууж байна даа.
Э.Мөнхбаатар хөдөө өссөн, хоёр дүүтэй, айлын том хүү. Түүний хоёр өвөө сумын заан цолтой байсан ч бөхийн спортоор мэргэжлийн түвшинд хичээллэж байгаагүй гэнэ. Харин тэрбээр удамдаа анх удаа бөхийн спортыг сонгон уйгагүй хөдөлмөрлөж, улсын цол хүртжээ.
“Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэж ярьдаг, манай ээж, аав ч гэсэн хүүгээ бөх болгоно гэдэг байлаа. Хүүхэд ээж, аавынхаа ярьсныг сонсоод мөрөөддөг юм байна. Би өөрөө өсгөлүүн биетэй, бөхөд дуртай байсан болохоор энэ замыг эргэлт буцалтгүй сонгосон” хэмээн тэр ярив.
Түүний бөхийн гарааг эхлүүлсэн хүн бол аймгийн заан Ш.Наранбаяр.
“Анх “Чи барилдаад үз” гэж хэлээд аймгийн өсвөрийн барилдаанд оруулсан. Тэр барилдаанд үзүүрлэсэн маань надад маш их урам өгсөн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл барилдсаар байна” хэмээсэн юм.
Бөхийн замналдаа хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг нь 2017 он. Сумын заан цолтой байхдаа аймгийн наадамд барилдан шууд аймгийн арслан болсон нь түүний хувьд одоо ч хамгийн сайхан дурсамжуудын нэг болон үлджээ.
“Аймгийн цол мөрөөддөг байлаа. Гэнэтхэн л нэг өдөр мөрөөдөл биелэхээр ямар сайхан байдгийг тэр үед мэдэрсэн. Цол авсныхаа маргааш тэмдэг, залаагаа авчихаад Бөхийн өргөөний гадаа машиныхаа толинд байн байн хараад сууж байсан маань санаанаас гардаггүй юм.“
Түүний бөхийн хүмүүжилд хэд хэдэн эрхэм хүн нөлөөлжээ. Анх нутгийнхаа бөх Д.Азжаргалыг харж үлгэр дуурайлал авдаг байсан бол Улсын харцага Г.Элбэг багшаасаа эр хүний хүмүүжил, аварга Г.Эрхэмбаяраас уран барилдааны нарийн мэдрэмжийг сурахыг хичээсэн гэнэ.
2021 онд улсын цолны болзол хангасан ч цол хүртэж чадаагүй нь өнөөдөр ч харамсал төрүүлдэг
“Тэр жил бүх бөхчүүдэд цол өгнө гэж барилдуулсан. Би үнэн хүчээ үзээд тав давсан. Гэтэл цол өгөөгүй. Одоо хүртэл харамсдаг...”
Үүнээс хойш тэрбээр өвдөгний чагтан холбоосны гурван удаагийн хагалгаанд орсон байна.
Тэрбээр энэ талаараа “Анхны хагалгааныхаа дараа үзүүлэхэд дотор нь утас үлдсэн байсан. Эмчдээ хэлэхэд “Эмч бүр өөр өөрийн арга барилтай” гэж хэлсэн. Дараагийн хагалгааны дараа мөн адил асуудал гарсан. Харин хамгийн сүүлийн хагалгааг үнэхээр алтан гартай эмч хийсэн. Бэртэлтэй өнгөрүүлсэн энэ таван жил бол хайран… 2021 онд улсын цолоо хүртсэн бол цэргийн наадамд барилдахгүй, энэ хэмжээний бэртэл авахгүй ч байсан байж мэднэ. Улс төрчид юу боддогийг мэдэхгүй юм. 2021 онд барилдсан хэдэн залуусынхаа цолыг өгчихөөр улс орон сүйрчих гээд байсан юм болов уу, би сайн ойлгодоггүй юм.
Алтан цомд оролцож эхэлснээсээ хойш улсын цолны тухай бодохоо бүр больчихсон. Ямар ч хүлээлтгүй байх чинь сайхан юм билээ. Өмнө нь ламд үзүүлээд шинэ зодог, шуудаг, дээл хийлгэдэг л байлаа. Энэ жил хуучин дээлээ өмсөөд явсан зүгээр л байна лээ.
Намайг дэмжих нутаг усны маань өндөр цолтой бөх байсангүй. Гэхдээ сайн явсны буянд өнөөдрийн цолондоо хүрсэн байх. Энэ жилийн наадмын гурвын даваанд Завхан аймгийн харьяат, Улсын харцага Ш.Уламбаяр намайг амлаад, “За дүүгээ дэмжье” гээд гаргаж ирсэн нь их сайхан санагдсан. Бэртэл гэмтэл тамирчны төгсгөл биш юм билээ” хэмээн ярив.
Ийнхүү тэрбээр улсын цолны тухай хамгийн их бодож явсан үедээ биш, харин бодохоо больсон үедээ тэр мөрөөдөлдөө хүрчээ.
Хүн бүрд хийж чаддаг зүйлээс гадна сонирхдог зүйл бий. Э.Мөнхбаатар бэлтгэл, барилдааны ачааллаас түр холдож, найзуудтайгаа хааяа цахим тоглоом буюу и-спорт тоглож стрессээ тайлдаг гэнэ.









