БНХАУ-ын Чиндао хотноо 5 дахь удаагаа зохиогдсон “Шан Хө” олон улсын тэмцээнд МУГТ, Их мастер Ц.Батчулуун, ИХ мастер А.Энхтуул нар хувийн урилгаар нэг багт нэгдэн эх орноо төлөөлөн амжилттай оролцоод иржээ.
Тэмцээн нийт 9 өрөг тоглож, Монголын баг зөвхөн Орос болон Хятадын 1-р багт ялагдал хүлээсэн хэдий ч 3-р байрт коэффициентын 0,5 онооны давуугаар шалгарч чадсан нь манай улсын баг анх удаагаа Орос, Хятад гэх шатрын төв болсон хоёр том гүрэнтэй хамт ялалтын тайзанд зогссон нь анхных байв хэмээн зохион байгуулагчид онцолж хэлээд, баяр хүргэсэн ажээ.
2700-тай супер Их мастер Ван Ю-тай энэ оны МУ-ын Аварга, өсвөрийн шилдэг шатарчдын нэг М.Амилал сайхан тоглож хожсоныг энд цохон тэмдэглэх нь зүйтэй. Манай өсвөрийн шатарчид маань супер их мастеруудтай эн тэнцүү өрсөлддөг болсоныг харуулж чадсан байна.
Монгол Улсын гадаад чансааны дээд рекордыг 2571 гэж тогтоож байсан манай багийн ахлагч Ц.Батчулуун их мастер Иран Улсын их мастерыг хожиж яваад харамсалтайгаар цагаа унагаасан хэдий ч багийн дүнгээр тэнцжээ.
Шатрын Их мастер А.Энхтуулын хувьд Казахстан улсын дэлхийд тэргүүлж буй эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин их мастер Камалиденоваг хожиж (std 2383/rapid 2196/blitz 2314), дараа нь Хятадын 2-р багийн тамирчинтай тэнцсэнээр багтаа хэрэгтэй оноонуудыг тэд тус, тус авсан байна.