Одоогийн байдлаар Монгол улсын паралимпын шигшээ багийн тамирчдаас тэр дундаа таеквондогийн төрлөөр хоёр тамирчны "Парис 2024" паралимпт оролцох эрх албан ёсоор баталгаажсан байна. Тодруулбал МУГТ Г.Болор-Эрдэнэ, ОУХМ У.Сүрэнжав нарын эрх албан ёсоор баталгаажив. Цаашдаа таеквондогийн төрөлд нэмж хэдэн эрх авахаар төлөвлөж буй мөн тамирчдыг чансаагаа ахиулах ямар тэмцээн хүлээж байгаа талаар Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатараас тодрууллаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай холбооны пара шигшээ багийн хоёр тамирчны эрх албан ёсоор баталгаажсан байна. Баяр хүргэе. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
МУГТ Г.БОЛОР-ЭРДЭНЭ, ОУХМ У.СҮРЭНЖАВ НАРЫН "ПАРИС 2024" ПАРАЛИМПЫН ЭРХ АЛБАН ЁСООР БАТАЛГААЖИВ
Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар
Бид нар ойрын жилүүдэд нэлээн олон зорилт тавьсан. Олимпын оноогоо энэ онд баталгаажуулах, чансааны оноогоо сайн ахиулж эрхээ авах гэсэн томоохон зорилтууд тавьж ажилласан. Энэ жил БТСУХ, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба зэрэг багтай хамтарч ажиллаад бид нарын тэмцээн уралдаанд нэлээн үр дүн өгсөн гэж харж байгаа. 2023 онд бид нар Олон улсын 10 тэмцээнд оролцсон байна. Тэр дундаа пара таеквондогийн тамирчид бол тогтмол өндөр амжилт үзүүлж "Парис 2024" паралимпын эрхийг хоёр тамирчин дэлхийн чансааны 6-д багтаж, эрх нь албан ёсоор баталгаажсан ийм амжилттай 2023 оныг үдэж байна.
Олимпын эрх 12 сарын байдлаар баталгаажсан тамирчин бол МУГТ Г.Болор-Эрдэнэ сая эрх нь баталгаажиж Дэлхийн чансааны хоёр номерт явж байна. Шинээр орж ирсэн У.Сүрэнжав гээд тамирчин маань бол сая Дэлхийн чансааны дөрөвдүгээр байранд орж олимпын эрх нь баталгаажлаа. Ийм хоёр тамирчин байж байна.
Ирж буй 2024 онд нэмж эрх авах найдлага төрүүлж буй хэн хэн гэдэг тамирчид байна вэ?
К.ТИМЕРБИК, Б.ШИНЭБАЯР НАР НЭМЖ "ПАРИС 2024" ПАРАЛИМПЫН ЭРХ АВАХ БОЛОМЖТОЙ
Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар
Удахгүй 2024 онд бид нар бас он гараад паралимпын эрхийн тэмцээн байгаа. Тэдгээрээс 1-2 эрх нэмж авч нийтдээ Паралимпт 3-4 тамирчинтай оролцоно гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо нэмж эрх авах боломжтой тамирчин гэх юм бол 58кг-ийн жинд К.Тимербик гээд тамирчин, мөн -70кг-ийн жинд Б.Шинэбаяр гээд энэ хоёр тамирчин бол Дэхийн чансааны 10-т явж байгаа юм. Одоогоор Азидаа бол нэг, хоёроор жагсаж байгаа хүүхдүүд гээд Ази тивээс эрхээ авах боломжтой учраас бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна.
Мэдээж өмнөх Токиогийн олимпын техник, арга барилаа илүү сайжруулаад ирэх жилийн Парисын паралимт өөр шинэлэгээр харж оролцох байх?
Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар
Манайхаас өнгөрсөн Токиогийн олимпт хоёр тамирчин оролцож байсан. Энэ удаад оролцох бүрэлдэхүүн маань нэмэгдэж, өмнөх гаргасан алдаа дутагдлаа цэгнээд, илүү тамирчдаа амжилтыг нь ахиулж Парисын паралимпын медалийг таеквондогийн төрлөөр авах, үүнийгээ баталгаажуулахын тулд бэлтгэл сургуулилтаа илүү сайн чамбай болгож байна. Тэгээд тамирчид маань олуулаа орж байж, хүүхдүүд маань баг хамт олны уур амьсгал, үүнд бас нөлөөлнө гэж төлөвлөж тооцоолоод ерөнхийдөө Паралимпт аль болох олон тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохыг хичээж байгаа.
Нэмж эрх авах ямар тэмцээн уралдаан тамирчдыг хүлээж байгаа вэ?
ПАРА ТАЕКВОНДОГИЙН ТАМИРЧИД ЭРХЭЭ АВСАН Ч ЧАНСАА ОНООГОО АХИУЛАХ ГОЛ ЗОРИЛГОТОЙ
Монголын Таеквондогийн Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар
Нэмж эрх авах боломжтой эхний тэмцээн Иранд болно. Хэдийгээр бид нарын эрх баталгаажсан ч гэсэн, оноо чансаагаа бас ахиулах гол зорилготой. Ирэх оны 9 дүгээр сард Парисын паралимп болно. Тэгээд 8 сарын ранк хүртэл бид нар оноогоо цуглуулж явж байж гэмээн зоо толгойлох уу, аль зоондоо орох уу гэдэг чансааны маань сугалаах гарах учиртай. Тэр болтол бид нар ирэх жил 5-6 тэмцээн төлөвлөчихсөн байж байна. Хамгийн ойрын тэмцээн Иранд 2 сард болно, үүний дараа 3-р сарын 15-20-ны хооронд ерөнхийдөө Хятадын Тайваньд зохиогдох Олимпын эрхийн тэмцээн, тэгээд тивийн АШТ, Европын цуврал тэмцээнүүд ар араасаа хүлээж байгаа юм.
"Парис 2024" паралимпыг зорих тамирчдын нэрс эхний байдлаар тодроод байна. Бусад спортын төрлүүдэд тамирчдын эрх нь 2024 оны нэгдүгээр сард албан ёсоор баталгаажсан хариу нь Олон Улсын Паралимпын Хорооноос ирэх аж.
Таеквондогийн төрөлд эрх нь баталгаажаад буй тамирчдын 2023 оны амжилтыг эргэн танилцуулъя.
МУГТ Г.Болор-Эрдэнэ
Тэрээр Дэлхийн паратаеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, "Ханжоу 2022" Пара Азийн наадмын аварга, 2023-2024 оны Пара Гран При тэмцээнээс 2 алт 2 мөнгө тус тус хүртсэн амжилттай. Мөн эдгээр амжилтуудаараа МҮОХ-ны тэргүүн дээд шагнал шилдэг паралимпын тамирчнаар шалгарч "Бөртэ чоно 2023"-ын эзэн болсон билээ.
ОУХМ У.Сүрэнжав
Тэрээр эмэгтэйчүүдийн к44 ангиллын -52 кг жинд БНХАУ-ын Шау Чиантай тулалдаж 9:10 онооны харьцаатайгаар ялагдаж мөнгөн медалийн эзэн болсон. Ингэснээр "Ханжоу 2022" Азийн Пара спортын наадмын Монголын медалийн салхийг анхлан хагалсан билээ. Мөн түүний энэ амжилтыг үнэлэн Монголын Паралимпын Үндэсний Хорооны 2023 оны "Шилдэг тамирчин"-аар шалгаруулж урамшуулсан юм.