Монголчуудын нэг, гэм биш муухай зан байна.
Шударгаар "шүгэл үлээж", болж бүтэхгүй бүхнийг чангахан дуугарч хэлсэн хүн ад үзэгддэг жишиг бүх л салбарт тогтжээ. Угтаа бол бид хүн шиг зан гаргаад алдаа дутагдлаа зоригтойгоор засаад урагшлах ёстой л доо. Алийн болгон эвий минь гэж энхрийлж, хөөрхий минь хэмээн бөөцийлж толгойг нь илсээр байх вэ дээ…
Энэ муухай монгол зангаасаа болж олон ч хүнийг дахин дахин алдаа гаргахад нь нэрмээс болж, жинхэнэ нөхрийн хувиар, шударгаар ил тод, нээлттэй хэлж чадахгүй байсаар зарим нь алдсан тохиолдол нэгээр ч тогтохгүй.
Өнөөдрийн энэ их стресс, бухимдал, уур ундууцал болсон манай нийгэмд Спорт, Урлаг хоёр л бачуурлыг тайлж, баяслыг олгож байгаа нь чин үнэн.
Төсөөлөөд үз дээ. Спорт, Урлаг хоёргүй бол Хүн ямархан аз жаргалгүй, баясал хөөргүй, улам харанхуй бүдүүлэг рүү тэмтчих бол. Харин бид Монгол хүн бүрт баяр бахдал, омогшил, бахархал, ондоошлоороо гангарах боломжийг олгодог "Спорт"-ын салбараа цэвэр ариун байлгахсан.
Энэ салбарын өөрийнх нь баримталдаг "суурь зарчим" бий. Шударгаас шударга, өндрөөс өндөрт, ёсзүйтэй, хариуцлагатай үнэн зөв өрсөлдөх тэр л талбар бол "Спорт" юм. Гэтэл өнөөдөр Монгол улсад хоёр бүү хэл гурав хуваагдаагүй, дотроо өтсөн холбоо байхгүй гэхэд нэг их хол зөрөхгүй бизээ.
Тэр дундаа мэргэжлийн бус хүн удирдаж, халуун тогоонд нь чанагдаж, цусны үнэтэй хөлсний амтыг, жаргал, зовлонг мэдэрч үзээгүй л бол тухайн салбар ангал руу ойртлоо л гэсэн үг. Үүнээс болж "уналтанд" ороод буй спортын олон холбоо бий.
Үүний нэг тод жишээ бол "Монголын Волейболын Холбоо" болж байх шиг байна. Ингэж хэлсний учир нь ойрын үед өрнөөд буй "хоёр жишээ" татъя.
Япон, Тайванийн волейболын дээд лигийн легионер тоглогчоор тоглосон, ирээдүйтэй залуу тамирчин Г.Хандсүрэнг дээд лигийн талбайд тоглох эрхийг нь хасав
Жишээ 1: Монголын Волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэнг энэ жил тоглуулахгүй, цаашид ч тоглуулахгүй байх нөхцөл байдал үүсээд байна.
Эргэн сануулахад тэрбээр энэ оны намар наймдугаар сард Монголын волейболын холбоог шүүмжилж байсан юм. Болохгүй, ажил нь урагшилж өгөхгүй байгаа алдаа дутагдлыг хэлж, шүгэл үлээнэ гэдэг маш их "эрсдэл". Харин алдаа дутагдлаа засахын оронд шүгэл үлээсэн түүнийг ийнхүү шийтгэж байгаа тус холбоо хэр түвшинд ялзарсныг илтгэж байна. Гадаад руу тэмцээнд явуулж, тамирчдаа хөгжүүлэх сэтгэл байхгүй, ур чадвартай гадаад легионер ирэхээр тоглуулдаггүй, өндөр хөгжилтэй орны лигт тоглож өөрийгөө хөгжүүлсэн монгол тамирчнаа ад үзэж, шүүмж сонсож чадахгүй Монголын Волейболын холбоо бурууг нь хэлэхээр шөвөлзөж байгаа нь энэ.
Лигийн талбайд өрсөлдөж буй нэг багт гаднаас гурван легионер урьж авчрах боломжтой. Ингэхдээ тэмцээний үеэр талбай дээр зөвхөн хоёр нь сэлгээгээр гарч тоглохыг зөвшөөрнө гэж заажээ.
"Алтайн барс" клубт Япон улсаас уригдан дээд лигт "холбон тоглогч"-ийн байрлал дээр тоглохоор ирсэн Мотокиг хоёр тоглолтын дараа эсэргүүцэн нутаг буцаав
Жишээ 2: "Алтайн барс" клуб анх удаа Япон улсаас Мотоки хэмээх холбон тоглогчийн байрлал дээр Монгол улсад легионер тоглогч авчран хоёр ч тоглолтон дээр тоглуулж, үзэгч олонд гайхалтай бөгөөд уран гоё тоглолтуудаа үзүүлж эхэлсэн.
Гэтэл өрсөлдөгч хоёр клубын хүсэлтээр тоглуулахгүй гэсэн шийдвэрийг МВХ-ноос гаргасан юм.
Энэ талаар "Алтайн барс" клуб цахим хуудсандаа тайлбар мэдээлэл өгөхдөө:
"1. Анх тэмцээний удирдамжийг удирдлага болгон тус клубээс нэгдүгээр тойрог дуусахаас өмнө Тэмцээн зохион байгуулах хороонд албан бичгээр нөөцөд байгаа легионер тамирчнаа үндсэн тамирчны жагсаалтад оруулах хүсэлт гаргаж япон улсаас легионер тамирчин авчирсан.(мэдүүлэгт легионер тоглогч гэдгээр орон тоо нь байсан учраас мэдүүлэгт байгаагүй хүн тоглуулаагүй гэсэн үг)
2. Хоёр ч удаа тоглолтонд оролцоод хэвийн явж байхад өрсөлдөгч хоёр багийн зүгээс техникийн зөвлөгөөний урьдчилсан уулзалтанд нөөц тамирчинд легионер байна гэж ярилцаагүй гэх утгатай зүйлийг гаргаж ирэн тоглуулмааргүй байна гэдэг хүсэлтийг МВХ-д өгч, түүний дагуу холбооноос шийдвэрээ өөрчилж тоглуулахгүйгээр шийдвэрийг гаргасан.
3. Урьдчилсан уулзалт гэдэгт тус клубээс дасгалжуулагч болон багийн ахлагч суух боломжгүй (Залуучуудын УАШТ тоглолт давхцуулж уулзалт зарласан тул очиж амжаагүй) байсан бөгөөд тус уулзалтын протокол гэж клубуудэд албан ёсоор хүргэгдээгүй бөгөөд дараагийн үндсэн техникийн зөвлөгөөнд тус клубээс оролцоход уг талаар дурдаагүй юм.
4. Зарчмын хувьд манай баг үндсэн хоёр легионер тоглогчтой, гадаадаас анх удаа холбон тоглогч ирж волейболын хөгжилд түлхэц болж байгаа, цаашлаад лигийн чанар чансаа бусад холбон тоглогч нар болон волейбол сонирхогч хүүхдүүдэд үзэж харах зүйлтэй болгож байгаа нь гажуудуулсан, будлиантуулсан зүйл огт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж, МВХолбоо болон багууд гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэж найдаж байна" гэжээ.
Үнэн хэрэгтээ гаднаас тамирчид урьж дээд лигтээ тоглуулна гэдэг нь тухайн шилдэг тамирчны тоглолтын арга барил, техник, ур чадвар манай улсын тамирчдад тэр л чигээрээ "хичээл" болж өгөх нь ойлгомжтой. Хамгийн гол нь волейболын спортын хөгжилд томоохон хувь нэмэр болж, түлхэц өгөхийн зэрэгцээ лигийн чанар чансаанд өндрөөр нөлөөлж, энэ спортын сонирхогч, хичээллэгч хүүхэд залууст бодит үр өгөөжөө өгөх байсан нь дамжиггүй юм.