
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны (МҮЭХ) гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаалыг Сүхбаатарын талбайн хажууд байрлах МҮЭХ-ны байрын гадаа зохион байгуулж байна.
Жагсаалд оролцогч гишүүд гартаа дараах бичиг бүхий пайз, лоозон барин зогсож, тодорхой шаардлагууд тавьж байна. Үүнд:
- МҮЭ холбоо үүд хаалгаа нээх
- Үйлдвэрчний санхүүг ил тод, шилэн болгох
- Үйлдвэрчний эвлэлийг улс төрд гарах хэрэгсэл болгохыг зогсоох
- МҮЭ-ийн холбоо их хурлаа нээлттэй зарлах
- МҮЭ-ийн холбоо нууц их хурлын хуйвалдаанаа зогсоо
Жагсаал үргэлжилж байгаа бөгөөд оролцогчид МҮЭХ-ны үйл ажиллагаанд ил тод байдал, хариуцлага, гишүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг шаардаж байлаа.
МҮЭХ-ны гишүүн Э.Адъяасүрэн:
-Үйлдвэрчний өмч хөрөнгө дүрэмдээ ч, хуульдаа ч Үйлдвэрчний эвлэлийн үе, үеийн гишүүдийн цалингаас авсан татвараас бий болсон. Энэ хүмүүсийн нэг ч төгрөгийн хувийн юм байхгүй. Тэгтэл энэ хөрөнгийг өнөөдөр яаж байна. Телевиз, сонин, сэтгүүл үзэж байгаа хүмүүс мэдэх байх социализмын үед маш их хөрөнгөтэй байсан. Тэр нь хаана байна. Одоо энэ байгаа барилгын 70, 80 хувь нь түрээс. Үйлдвэрчний эвлэлийн гишүүд ороод суух өрөө ч энд алга. Түрээсийн мөнгөө идээд сууж байна. Баруун дөрвөн замын хажууд байгаа Үйлдвэрчний эвлэлийн байрны хажууд гурван жилийн өмнө “GEM PALACE” гээд өндөр худалдааны төв бариулсан. Тэр нь зарагдсан. Мөнгө нь хаачсан нь мэдэгдэхгүй, жирийн гишүүн бидэнд ямар ч хүртээлгүй. Энд хэсэг хүмүүс шийдвэр гаргаад хуваагаад авчихдаг. Үйлдвэрчний эвлэлийн үе, үеийн гишүүд маань өнгө мөнгөө нэхэх хэрэгтэй. Үгүй бол төлсөн татвараа нэхэх хэрэгтэй. Шаардлагын хувьд зөв явах ёстой. Тэрнээс эдгээр хүмүүсийг тахиад УИХ-ын гишүүн бэлдээд баймааргүй байна.
МҮЭХ-ны гишүүн Д. Гүнсмаа:
–Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь өөрөө хүний цалингийн босго юм. Үйлдвэрчний эвлэлийн төв байгууллага нь Засгийн газартай хамтран доод хэмжээг нь тогтоодог. Энэ байгууллага ажлаа хиймээр байна. 660 мянган төгрөгөөр цалинжаад амьдар гэдэг шийдвэрт гарын үсэг зурсан байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс цалин 792 мянган төгрөг болж нэмэгдсэн. Энэ цалингаар амьдарна гэдэг бас л амаргүй. Бид үүнийг зөвхөн өнөөдөр яриад байгаа юм биш. Гишүүний хувьд ч, хорооны даргын хувьд ч энэ талаар олон удаа хэлж, ярьж байсан. Гэсэн ч огт ажил хэрэгч хандлага гардаггүй, албан бичгийн хариу ч ирдэггүй. Та нар хүн чанартай байх хэрэгтэй. Хэрэв барилгаа зарсан юм бол тэр зарлагынхаа тайланг олон нийтэд танилцуулаач.
Залуу үеийнхэн, ахмадууд гээд бүгд өөрсдийнхөө ирээдүйн цалин хөлсний төлөө энэ хөдөлгөөнд нэгдээрэй. Бас нэмээд хэлэхэд, хоёр хүн нэр дэвшүүлчхээд хоёрхон өдрийн дотор сонгууль явуулаад, тэр нь монголчуудын цалинг тогтооно гэж юу гэсэн үг юм бэ.