Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүйн ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох “Амжилтаа ахиулъя” ТББ-ын тэргүүн Г.Анархүү дараах зүйлийг хэлж байна.
Тэрээр, “Юуны өмнө "Өрөг.мн" сайтын хамт олондоо дөрвөн жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн сэтгүүл зүй гэдэг их айлын нэг эд эс нь болоод явж байгаад баяр хүргэх нь зүй. Сэтгүүл зүйн салбар нийгэмд ач холбогдолтой гэдгийг би мэднэ. Учир нь манай гэр бүлийн гишүүн сэтгүүлч мэргэжилтэй юм. Өрөг.мн сайтын "Бизнес өрөг" нэвтрүүлгийг залуус их үздэг. Анх маш өнгөлөг гарч ирж байсан. Харин одоо гадна, дотнын контент хийхээр зорьж байгаа юм билээ. Түүнийг нь хүлээж байна. "Улс төрийн задлан" нэвтрүүлэг маш ноцтой, хурц санагддаг. Тиймдээ ч үзэхэд сонирхолтой байдаг. Шимтэн үздэг нэвтрүүлгүүдийн маань нэг.
"Эх орондоо үлдэнэ" гэх контент бас бий. Эх орондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа залуучуудаа дэмжиж, монгол хүн монголдоо хийж бүтээе гэсэн агуулгыг түгээдэг нь сайшаалтай. Ийм нэвтрүүлгүүд хийж, олонд түгээдэг нь Өрөгийн бахархал гэж боддог. Сэтгүүл зүйн салбарын хартай, бараантай, улаантай, шартай ертөнцөд ноён нуруу, жанжин шугамаа алдахгүй, яг одоогийнх шигээ ард түмнийхээ дуу хоолой болоод олон жил амжилттай яваарай гэж ерөөе” гэсэн юм.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.