Дэлхийн брэндийг бүтээгч “ГОВЬ” ХК ганц олон улсад гараад зогсохгүй, дотооддоо тэр дундаа орон нутгийг чиглэсэн их хөгжлийг түүчээлж эхэллээ. Учир нь “ГОВЬ” орон нутаг дахь анхны салбар үйлдвэрээ Хэнтий аймагт нээсэн бол өдгөө тэд дараагийн салбар үйлдвэрүүдийг Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймгуудад нээхээр судалгааны ажилдаа ороод буй аж.
Нэг талаас, аймаг, орон нутаг өөрсдөө татвараа бүрдүүлдэг болоход хамгийн чухал алхам бол эдийн засгийн бааз суурийг тэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх явдал юм. Нөгөө талаас, нийслэл хотыг чиглэх хүн ам зүйн төвлөрлийг саармагжуулж орон нутаг руу хүн амын хөдөлгөөнийг тэлэх нэн шаардлагатай байгаа энэ үед “ГОВЬ” орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж байгаа нь тун сайшаалтай алхам болж байна.