Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурвас дахь энгийн иргэдийг онилж байгаа учир Хамас бүлэглэл Израилийн нийслэл Тел-Авив, Иерусалем зэрэг хотуудад цохилт өгсөн гэж мэдэгдлээ.
Сая гаруй Палестин Израилийн анхааруулгын дараа Газа хотоос явах гэж оролдож байна. Гэвч Египеттэй хиллэх цорын ганц гарц болох “Рафах” хянан шалгах цэг дахин агаарын цохилтод өртжээ. Улмаар НҮБ-ын зүгээс уриалсан хүмүүнлэгийн коридорын ажилд харамсалтай нь талуудын аль нь ч ач холбогдол өгөхгүй байгаа юм.
Хамас бүлэглэлийн мэдэгдсэнээр 200-250 барьцааны хүн тэдэнд байгаа гэсэн ба энэ нь хэдхэн хоногийн өмнө Израилийн тал 150 гэж таамаглаж байснаас хавьгүй илүү буюу дахиад 100 гаруй хүн байгаа аж.
Хамас бүлэглэл барьцааны хүмүүстэй хүн ёсоор харьцаж, хүмүүнлэг байгаа гэдгээ мэдэгдсэн ч Израиль Газын зурвас дахь энгийн иргэдэд анхааруулга өгөлгүй дайрвал тэднийг ч мөн устгана гэжээ.
Өчигдөр “Хамас” бүлэглэл барьцааны хүний анхны бичлэгийг цацсан юм. Бичлэгт Маяа Шем гэх 21 настай эмэгтэй нэгэн үдэшлэгийн үеэр Хамасын барьцаанд өртсөнөө хэлсэн байна. Мөн энэ бичлэгт шархадсан гараа эмчлүүлж байгаа нь харагджээ. Израилийн батлан хамгаалах хүчин бичлэг дээрх эмэгтэй Маяа Шем мөн гэдгийг баталж, түүний гэр бүлтэй холбоотой байгаа гэв. Израилийн тал барьцаалагдсан иргэдээ авахаар тагнуул болон бусад шаардлагатай арга хэмжээг авч байна гэлээ.
Барьцааны хүмүүс дунд гадаад хүмүүс ч байгаа бөгөөд цаг нь болбол тэднийг суллана гэсэн байна. Харин Израилийн засгийн газрын зүгээс энгийн иргэдийг онилоогүй ба тэдэнд Газа хотыг орхиж явах анхааруулга өгсөн нь үүнийг нь нотолно гэж үзэж байна.
Газа дахь эрүүл мэндийн яамны мэдээлснээр хамгийн сүүлийн үеийн байдлаар тус бүсэд 2700 хүний амь үрэгдээд байна.
Эх сурвалж: BBC