Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилохыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.57 хувь нь дэмжжээ.
Төлөөлөгчид нэр дэвшигч Х.Нямбаатараас асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар тогтов.
Энэ үеэр Х.Нямбаатар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүдэд хандан үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн ИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээн авч, ухамсарлаж байна.
Энэ амаргүй хүндхэн цаг үед зоримог шийдвэрийг гаргаж байж “Авлигагүй Улаанбаатар-Шинэ сэргэлт”-ийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх, зүтгэл, сэтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Тэрбээр нийслэлийн засаглалыг сайжруулах, хууль эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийх, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах бодлогын талаар онцгой анхаарал хандуулж, ажиллах төлөвлөгөөгөө танилцуулсан юм.
Түүнчлэн хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжин, түгжрэлийг сааруулах цогц арга хэмжээний талаарх бодлого төлөөлөгчдөд танилцууллаа.
Эх сурвалж: НИТХ