Саяхан Испани улсад 40 дэх удаагийн уран сайхны гимнастикийн ДАШТ болж өндөрлөсөн. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас уран сайхны гимнастикийн тамирчин, ОУХМ Хашбатын Ундрам эрхээ аван улсаа төлөөлөн амжилттай оролцсон билээ. Тэрбээр тэмцээний үеэр үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж, энэ спортын төрөл Монгол улсад хөгжиж байгаа, тамирчдын ур чадвар дээшилж буй гэдгээ харуулж чадсан гэдгийг онцоллоо. Тус тэмцээнээс эхний 16 байрт бичигдсэн тамирчдад “Парис-2024” зуны олимпын наадмыг зорих эрхийг олгожээ. Харин 2024 оны 5-р сард Ази тивийн АШТ-ий эхний 2 байрт шалгарсан тамирчид олимпын наадмын эрх олгох шалгууртай аж. Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д амжилттай оролцохын төлөө ОУХМ Б.Ундрам бэлтгэл сургуулилтаа тууштай хангаж байна. Түүнийг уран сайхны гимнастикийн багш М.Булган дасгалжуулдаг.
Уран сайхны гимнастик нь биеийн хэлэмж, жүжиглэлтээрээ үзүүлбэрээ төгс гүйцэтгэдэг. Одоо үед тэмцээн уралдаанд тухайн тамирчны жүжиглэлтэд гүйцэтгэл шалгаж оноо өгдөг болсон. Насанд хүрэгчид тэмцээндээ 4 төрлийн үзүүлбэр үзүүлдэг бөгөөд тус бүрдээ өөр өөр ая хөгжимтэй байдаг. Дасгалжуулагчид хоорондоо ярилцаж тухайн тамирчныхаа зан төлөвт тааруулан ая хөгжмөө сонгодог. Тамирчин хүнээс мэдрэмж, туршлага, ур чадварыг өндөр хэмжээнд шаардахаас гадна гоо зүйн мэдрэмжийг давхар олгодог учраас маш гоё сонирхолтой. Мөн энэ спорт нь бусдыг хүндлэх, хамт олонч байх, биеэ даах чадвар, аливаа бэрхшээлийн ард тэсвэр тэвчээр заан гарах, аливаа асуудалд маш чухал оновчтой шийдвэрийг гаргахад суурь хүмүүжил, төлөвшлийг зөв олгож сургадаг учраас би энэ спортдоо хайртай. 6 жилийн туршид уран сайхны гимнастикийн спортоор хичээллэж байгаа тууштай яваагаа ОУХМ Б.Ундрам ярилаа.
Уран сайхны гимнастик нь дан ганц спортын төрөл биш давхар урлагийг хамтатгадаг. Тодруулбал тамирчип хүч чадал, хөдөлмөр гаргаад зогсохгүй тэсвэр, тэвчээр, тэнцвэртэй байдал, хөгжмийн сонсгол, мөн жүжиглэлт зэргийг шаарддаг. Тууз, бөмбөг, цагариг зэргийг ашиглан хийх дасгалууд нь үзүүштэй бас тамирчдаас анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэхийг шаарддаг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 400 орчим хүүхэд багачууд энэ төрлөөр хичээллэж байгаа бөгөөд 200 гаруй нь тогтмол тэмцээн уралдаанд оролцдог байна.