2023 оны утга зохиолын Нобелийн шагналыг Норвегийн жүжгийн зохиолч Юн Фоссе хүртлээ. Шведийн академийн Нобелийн хорооноос түүнийг “Үгээр илэрхийлж болшгүй зүйлсийн талаар шинэлэг жүжиг, зохиол туурвисных нь төлөө” энэ шагналын эзнээр тодрууллаа гэжээ.
Өдгөө 64 настай Юн Фоссе нь 1928 оноос хойш утга зохиолын Нобелийн шагналыг хүртсэн анхны Норвеги хүн болж буй. Юн Фоссе нь Норвегийн алдартай зохиолчдын нэг бөгөөд өмнө нь ч бас хэд хэдэн удаа Нобелийн шагналд ойрхон хүн гэгдэж байсан юм.
Түүний намтрын хувьд, Юн Фоссе нь 12 настайгаасаа бичиж эхэлсэн, анхных нь ном 40 жилийн өмнө хэвлэгдсэн байна. Анх долоон настайдаа санамсаргүй байдлаар амиа алдах шахсан нь түүнийг зохиолч болоход ихээхэн нөлөөлсөн гэдэг.
Тэрбээр 64 нас хүртлээ шашин бус үзэлтэй байсан ба түүнээс хойш католик шашинтай болсон юм. Түүний уран бүтээлүүд чимээгүй, энгийн үг хэллэгтэй, дүрүүдээ хэт дөвийлгөхгүй, байгаагаар нь байлгадгаараа алдартай.
Жүжгийн зохиолчийн “The Name", "Winter", "A Summer's Day", "Dream of Autumn", "I Am the Wind" зэрэг жүжгүүд нь хамгийн алдартай. Түүний бүтээлүүд 40 гаруй хэлээр орчуулагдсан ба Норвегийн нинорск хэлээр бүтээлээ туурвидаг.
1814 оноос хойш Норвегид энэ хэл нэвтэрсэн ба өдгөө хүн амынх нь 10 хувь л хэрэглэдэг юм байна. Энэ онд Юн Фоссегоос гадна, Салман Рушди, Харүки Мураками, Маргарет Этвүүд болон Кан Сюэ зэрэг алдартай зохиолчид Нобелийн шагналыг авах хамгийн их магадлалтайд тооцогдож байлаа.
Утга зохиолын Нобелийн шагнал авч байсан олны танил хүмүүсээс дурдвал Уинстон Черчилл, Габриел Гарсиа Маркез, дуучин Боб Дилан нарыг нэрлэж болно. Домогт дуучин Боб Диланы хувьд өөрийнх нь дуунуудыг утга зохиол гэж үзсэнд баярлалаа гэж тухайн үед талархлаа илэрхийлж байсан түүхтэй.
1901 оноос хойш олгож эхэлсэн Нобелийн утга зохиолын шагналыг нийт 115 эрхэм хүртсэн. Харин утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн хүмүүс ямар хэл дээр бүтээлээ туурвисан талаарх сонирхолтой статистикийг Германы DW гаргасан байна. Энэ жагсаалтын тэргүүнд англи хэл бичигдэж байгаа бол, түүний араас Герман, Франц, Испани, Швед хэл орж байна.
Эх сурвалж: DW