Олон хоног үргэлжилсэн хэлэлцээний эцэст томоохон кино, телевизийн студиүд болон зохиолчид урьдчилсан тохиролцоонд хүрч, кино үйлдвэрлэлийг царцааж, Холливудын ихэнх ажлыг саатахад хүргээд байсан түүхэн ажил хаялтыг зогсоох томоохон алхам боллоо гэж Америкийн зохиолчдын эвлэлээс мэдэгдлээ. Одоогоор ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байна. Энэхүү хэлэлцээрийг 11 мянга гаруй зохиолчдыг төлөөлдөг Америкийн зохиолчдын эвлэлийн гишүүд батлах шаардлагатай хэвээр байгаа ч уг алхам нь таван сар үргэлжилсэн ажил хаялтад чухал эргэлт болж байна. Одоогийн ажил хаялт нь Америкийн зохиолчдын эвлэлийн түүхэн дэх хамгийн урт ажил хаялт болох 1988 оны 154 хоног үргэлжилсэн ажил хаялтыг давахад тун ойртоод буй. АЗЭ гишүүддээ хандаж "Энэ хэлэлцээр нь гишүүнчлэлийн салбар бүрд утга учиртай хийгээд зохиолчдыг хамгаалсан онцгой гэрээ гэж бид бахархалтайгаар хэлж чадна" гэжээ.
Хэдий ийн эхний алхам хийгдсэн ч урьдчилсан хэлэлцээр нь ажил хаялтыг шууд зогсоож чадаагүй байгаа юм. Энэхүү ажил хаялтаас болж хэд хэдэн кино дэлхийн нээлтээ хийх хугацаагаа хойшлуулаад байна. Зохиолчдын хувьд телевиз, киноны салбарын өнөөгийн зах зээл, цалин хөлсөөр амьдрах боломжгүй, шоу нэвтрүүлэгт ажиллах боломж хомс, ажил олдож буй зохиолчдын цалин бага байна гэж тэмцлээ эхлүүлсэн юм. Амжилтад хүрсэн, тэр байтугай шагнал хүртсэн зохиолчид хүртэл өнөөгийн нийгэмд мэргэжлээрээ амьдралаа залгуулах боломжгүй болсон аж. Зохиолчид мөн хиймэл оюуны хөгжүүлэлт нэмэгдэж буйд санаа зовж байгаагаа илэрхийлж, кино, шоуг машин биш хүн бичих хэрэгтэй тул хамгаалалт хэрэгтэйг уриалж байна. Түүнчлэн Холливудад 160 мянга гаруй гишүүнтэй жүжигчдийн холбоо долоодугаар сарын дунд үеэс хойш ажил хаялт зарлаад байна.
Эх сурвалж: VARIETY