Ковид-19 цар тахлын улмаас ихэнх ажлын байрууд цахимаар ажиллах арга барил руу шилжсэн. Харин цар тахлын дараах ертөнцөд эргээд хуучин хэлбэр лүү гээ шилжихэд цаг хугацаа шаардагдаж буй. Тухайлбал, ажил олгогчид ажилтнуудаа “тогтоохын” тулд оффис дээрээ иог хичээллүүлэх, үнэгүй пиццагаар дайлах гэх мэт олон арга хэрэглэж байна. Гэхдээ сүүлийн үед тэд ажилчидтай илүү “тулах” арга хэмжээ авч эхэлжээ.
Гүүгл, Жэй Пи Морган зэрэг томоохон компаниуд ажилчдынхаа гүйцэтгэлийн үнэлгээнд оффис ирцийг хамруулах болжээ. Түүнчлэн Дэвис Полк гэх АНУ-ын хуулийн фирм ажилтнууддаа ирцээс нь шалтгаалж урамшуулал өгнө гэсэн байна. Харин Мета, Амазон зэрэг технологийн томоохон компаниуд ажилтнуудаа ирцийн бодлогыг дагаж мөрдөхгүй бол ажлаа алдах эрсдэлтэй гэдгийг нь сануулжээ. Ийнхүү дэлхий даяар олон компаниуд ажлын ирцийн асуудалтай “хүчээр” тулж, арга хэмжээ авч эхэлсэн байна.
Сургуульд байхаас л ирцийн үнэлгээ сайтай сурагч өндөр оноо авдаг байсан нь олон нийтэд ирцийн талаарх ойлголтын анхнаас нь суулгасан гэж BBC агентлаг онцолж байна. Гэвч цар тахлын үед ч гэсэн цахимаар ажиллаж болохыг харуулсан нь олон ажилтныг “гэрээс ажиллах” арга хэлбэрт татагдахад хүргэсэн. Энэ талаар “Ажлын байрны аз жаргал” номыг бичсэн зохиолч Брюс Дэйсли “Энэ бүх асуудал ажил гэж юу юм бэ гэсэн асуултыг хөндөж байна. Ажил гэж ажилчид ажлаа хийхийг хэлдэг юм уу, эсвэл ажлаа хийж байгаа юм шиг харагдахыг хэлдэг юм уу” гэжээ.
Харин өөр экспертүүд ажлын байран дээрээ ирэх нь хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг гэж маргаж буй. Тодруулбал, хамтын буюу багийн ажиллагаа хийснээр ажилтнуудыг сэтгэн бодох чадвар нэмэгдэж, инновацлаг санаа гаргадаг гэсэн юм.
Энэ асуудал мэргэжилтнүүдийн дунд маргаантай байгаа ч ажилтнууд гэрээсээ ажиллахыг илүүд үзэх болсон нь маргаангүй бодит байдал гэдгийг хэвлэлүүд мөн тодотгож байна.
Эх сурвалж: BBC