БНСУ-ын залуучуудын дунд гэрлэлт, эцэг эх болохоос татгалзах хандлага улам бүр нэмэгдэж байгаа нь нууц биш бөгөөд тус улсын төрөлтийн түвшин огцом буурч байгаа нь үүний тод илрэл юм.
Гэвч засгийн газрын шинэ тайланд энэ хандлага сүүлийн арван жилийн хугацаанд хэрхэн “огцом” хурдсаж буйг харууллаа. Энэ нь хөгшрөлт нэмэгдэж буй тус улсад хүн ам зүйн асуудал яаралтай шийдвэрлэх, санаа зовних асуудал болсныг илтгэж байна.
Хоёр жил тутамд 19-34 насны иргэдийн дунд судалгаа явуулдаг уг тайланг БНСУ-ын албан ёсны статистикийн газраас даваа гарагт нийтэлжээ. Үр дүнд нь өнгөрсөн жил санал асуулгад оролцогчдын дөнгөж 36,4 хувь нь гэрлэлтийн талаар эерэг ойлголттой гэж хариулсан нь 2012 онд 56,5 хувьтай байснаас илт буурсан байгаа юм. Мэргэжилтнүүд дээрх үр дүнг орон сууцны үнэ, амьдралын өртөгтэй голдуу холбон тайлбарлаж байна. Харин залуучуудын хувьд гэрлэхэд хангалттай мөнгө байхгүй, гэрлэх заавал шаардлагагүй гэсэн шалтгаанууд зонхилж байгаа аж. Гэрлэлтэд таатай хандаж буй 36,4 хувийн 28 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь гэрлэлт эрэгтэйчүүдэд хэрхэн хүнд тусаж буйг мөн харуулж байна. Солонгос эмэгтэйчүүдийн хувьд гэрлэлт карьерт нь сөргөөр нөлөөлж, хүүхэд төрүүлсний дараа ажилдаа орох зэрэг нь тодорхой золиос шаарддаг гэж үздэг болсныг Эдийн засгийн хамтын ажиллагаа ба Хөгжлийн байгууллагаас мэдээлсэн. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл, жендерээр ялгаварлан гадуурхахтай холбоотой мэдээнүүд ихээр гарах болсон нь аюулгүй байдалдаа санаа зовниход хүргэдэг аж. Өөрөөр хэлбэл, боловсролтой, тогтсон ажилтай эмэгтэйчүүд гэрлэхээс татгалзаж эхэлсэн ба тэднийг БНСУ-д хэдийн “бихон” гэж нэрлэх болжээ.
Судалгаанд хамрагдагсдын хүүхэд төрүүлэх талаарх хандлага ч мөн адил багасаж байгааг уг статистикийн тайланд дурдсан. Үүгээр зогсохгүй, судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү хувь нь гэрлэсний дараа ч хүүхэдтэй болох шаардлагагүй гэж хариулсан байгаа юм. Харин эсрэгээрээ, БНСУ-ын нийтлэг консерватив үзэл залуусын дунд өөрчлөгдөхийн хэрээр ганц бие эцэг эх байх нь зүгээр гэдэг ойлголт нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь гэрлээгүй ч хүүхэдтэй болно гэж хариулсан нь тус улсын уламжлалт хэм хэмжээнээс “огт өөр” хэрэг болж буй юм.
Эх сурвалж: CNN