Төрөлтийн түвшин буурч байгаа нь Азийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд гол асуудал болоод байна. Азийн улс орнуудын засгийн газрууд энэ чиг хандлагыг өөрчлөхийн тулд хэдэн зуун тэрбум доллар зарцуулж байна. Энэ нь харин хэр үр дүнтэй эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.
Тухайлбал, Япон улс 1990-ээд оноос хосуудыг олон хүүхэдтэй болгоход чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхэлсэн. БНСУ-ын хувьд 2000-аад оноос ийм арга хэмжээ авч эхэлсэн бол Сингапурын анхны төрөлтийн бодлого 1987 оноос эхэлжээ. Харин сүүлийн 60 жилд анх удаа хүн ам нь буурч байгаа Хятад улс эдгээр улсуудын жагсаалтад нэмэгдлээ. Улс орнуудын авч хэрэгжүүлсэн бодлого хэр их зардал гаргасныг тооцоолоход хэцүү ч БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол сүүлийн 16 жилийн хугацаанд тус улс хүн амаа өсгөхийн тулд 200 тэрбум доллар зарцуулсан гэж саяхан хэлж байсан юм.
Гэсэн хэдий ч өнгөрсөн онд БНСУ дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшингийн үзүүлэлттэй орон болж, нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 0.78 болж буурчээ. Өнгөрсөн жил 800,000-аас бага төрөлттэй байсан хөрш Японд Ерөнхий сайд Кишида Фүмио хүүхэдтэй холбоотой бодлогын төсвийг 10 тэрбум иен байгаагаас хоёр дахин нэмэгдүүлэхээр амласан бөгөөд энэ нь тус улсын ДНБ-ийн 2 хувьтай тэнцдэг байжээ. Нөгөөтээгүүр, дэлхий даяар төрөлтийг бууруулахыг хичээж буй улс орнууд олон байгаа ч төрөлтийг нэмэгдүүлэх хүсэлтэй орнуудын тоо 1976 оноос хойш гурав дахин нэмэгдсэн гэж НҮБ-аас гаргасан хамгийн сүүлийн тайланд дурдсан байна.
SOURCE: BBC