Францын ерөнхийлөгч Эмманунэль Макрон БНХАУ-д айлчилж буй. Пүрэв гарагт БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин түүнийг хүлээн авч, талууд “хаалттай” уулзалт хийсэн байна.
Францын ерөнхийлөгчийн БНХАУ дахь айлчлалын зорилго анхнаасаа тодорхой байсан буюу Орос, Украины дайнд цэг тавих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж шинжээчид тодотгож байсан. Тиймээс Э.Макроны “БНХАУ л энэ дайныг зогсоож чадна. БНХАУ бүгдийг хэлэлцээний ширээнд суулгах боломжтой ганц орон” гэж хэлснийг хэвлэлүүд эш татаж байна.
Харин БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин “БНХАУ, Франц аль аль нь дэлхийд энх тайвныг тогтоох чадамжтай, мөн үүрэгтэй” гэж хэлжээ. Уулзалтын дараа Ши Жиньпин хэвлэлийнхэнд хандан “БНХАУ энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж, улс төрийн шийдэл хайж байна” хэмээгээд олон улсын хамтын нийгэмлэгийг “ухаалаг, тайван” байхыг уриалсан байна.
Ши Жиньпин мөн цөмийн зэвсгийг ашиглаж болохгүй гэдгийг дахин нэг удаа сануулжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ши Жиньпин Индонезийн Бали аралд болсон “Их 20”-ийн бүлгийн уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай уулзсанаас хойших хамгийн улс төрийн нөлөө бүхий уулзалт энэ байлаа гэдгийг хэвлэлүүд тодотгож байна. Айлчлалаар мөн Европын комиссын ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйн очсон бөгөөд БНХАУ ба Европын худалдааны асуудлыг хэлэлцэж байгаа юм.
SOURCE: BBC