NBA-ийн залуу од, “Мемфис Гризлес” багийн гол тоглогч Жа Морант галт зэвсэгтэй холбоотой асуудалд орооцолдлоо. Ирээдүйн супер стар болох хэмжээний тоглогч гэж үнэлэгдэж, 23 настай ч аль хэдийнэ багийнхаа гол лидер болоод байсан түүнтэй холбоотой асуудлууд хэрхэн эхэлсэн бэ.
Тэрбээр өнгөрсөн зун 17 настай хүүхдийг 12-13 цохьсон гэх хэргээр цагдаад шалгагдсан. Жа Морант үүнийг үгүйсгээгүй. Үүний дараа хэсэг нөхдийн хамт дэлгүүрийн хамгаалагчийг айлган сүрдүүлж, биед нь халдсан хэрэгт дахиад холбогдсон. Энэ оны нэг сарын сүүлээр Жа Морантыг галт зэвсэгтэй явж байсан, айлган сүрдүүлсэн гэх гомдол “Индиана Пэйсерс” багийн тоглогчдын зүгээс ирсэн. Хэдхэн хоногийн өмнө NBA Жа Морантын галт зэвсэгтэй холбоотой асуудлыг илүү нарийвчлан шалгаж, тодорхой шийтгэл оногдуулахаа хатуу мэдэгдсэн.
Нөхцөл байдал ийн хурцадмал байхад Жа Морант үйлдлээ цэнэсэнгүй, буруугаа хүлээсэнгүй. Буу барин лайв хийж, нөхцөл байдлыг бүр хурцатгалаа. Тэрбээр тухайн лайвт Денвер хотод байгаа нь тодорхой гардаг. Тэгэхээр Морант Денвер рүү багийнхаа онгоцоор буугаа авч явсан байх магадлал маш өндөр болж таарлаа. NBA багийн бэлтгэл болон онгоцонд галт зэвсэг авч явахыг маш хатуу хориглодог. Ийм зөрчил гаргасан тоглогчийг багадаа 50 тоглолтоор шийтгэдэг журамтай. Хэрвээ Жа Морант багийнхаа онгоцонд буу авч явсан нь тогтоогдвол багадаа 50 тоглолтоор шийтгүүлнэ.
Жа Морантыг буутай лайв хийсний дараа “Мемфис Гризлес” баг түүнийг хоёр тоглолтоор шийтгэсэн. Үүний дараа Морант сэтгэл зүйн асуудлаа даван туулахын тулд багаасаа тодорхойгүй хугацаагаар холдлоо. Ингэснээр түүний хувьд энэ улирал дууслаа.
Яг одоо NBA Жа Морантын асуудлыг нарийвчлан шалгаж байна. Үүний дараа ямар шийтгэл оногдуулах тодорхой шийдвэр гаргана. Зөвхөн энэ улирал, ирэх улиралд өнжихөөс гадна тамирчны замнал нь дуусаж ч мэдэх эрсдэл, ээдрээтэй нөхцөл байдалд Жа Морант орчихлоо.