К-поп хамтлагын гишүүд, одууд дэлхийн томоохон брендийн нүүр царай болж, хамтран ажиллах нь хэвийн үзэгдэл болоод буй. Тухайлбал, Blackpink хамтлагийн гишүүн Жисү алдарт “Vogue” сэтгүүлийн гуравдугаар сарын нүүр царай болсон. Тус сэтгүүлийн удирдлагууд өдгөө 28 настай дуучинг “поп хөгжмийн шинэ үеийн нүүр царай” гэж шагшиж байгаа юм. Учир нь түүний зурагтай сэтгүүл нийтлэгдсэнээс болоод Vogue-ийн вэбсайт хэсэг хугацаанд гацсан байна. Энэ талаар тус сэтгүүлийн ерөнхий редактор Юүжин Трошу “Гуравдугаар сарын сэтгүүлийг авахаар маш олон хүн нэгэн зэрэг вэбсайт руу орох гэж оролдсоны улмаас ийм зүйл боллоо” гэсэн тайлбартайгаар вэбсайтны гацсан зургийн хамт инстаграм хуудсандаа оруулжээ. Түүнчлэн Жисүгийн хамтран ажилладаг Dior бренд түүний ачаар зөвхөн медиа үнэлгээ нь 45.5 сая ам.долларт хүрснийг хэлсэн байна.
Blackpink хамтлагийн бусад гишүүд ч мөн томоохон брендүүдтэй хамтран ажиллаж, төлөөлөгч нь байдаг. Тухайлбал, Женни “Chanel” брендтэй, Розэ “Saint Laurent” брендтэй, Лиза “Celine”, “Bulgari” зэрэг брендүүдтэй гэрээтэй байдаг билээ. Энэ мэтчилэн к-поп урлаг зөвхөн дуу хөгжмөөр хязгаарлагдахаа больсныг шүтэн бишрэгчид нь илэрхийлж байгаа юм.
Эх сурвалж: KOREA HERALD