Зээлийн Батлан Даалтын Сан нь Монгол Улсын Засгийн газраас баталсан "Төвлөрлийг сааруулах, иргэдийг орон сууцжуулах бодлого"-ын хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, орон нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт батлан даалт гаргаж эхэллээ.
21 аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд банк санхүүгийн байгууллагаас орон сууцны ипотекийн 6 хувийн хүүтэй зээл авахыг хүссэн боловч урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа иргэнд урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана.
Иргэд урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдахын тулд Монгол банкны “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын зээлдэгчид тавигдах шаардлагыг хангасан мөн урьдчилгаа төлбөрийн дутагдалтай болон урьдчилгаа төлбөрт барьцаалах хөрөнгөгүй байх шаардлагатай.
Урьдчилгаа төлбөрийн батлан даалттай зээлд хамрагдах иргэд нь Зээлийн Батлан Даалтын Сантай хамтран ажиллах гэрээ байгуулсан арилжааны банкнуудын орон нутагт байрлах салбарт хандан зээлээ судлуулах бүрэн боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Зээлийн Батлан Даалтын Сангийн 7700-2035 дугаарын утсаар лавлах боломжтой.