Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Их сургуулийн Зөвлөх профессор, бичгийн их хүмүүн Шаравын Чоймаа (1952-2022) бурхан болжээ. Тэрбээр эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэхийн төлөө нэгэн насаа зориулж, насан эцэс хүртлээ судалгаа шинжилгээний ажлаа тасралтгүй туурвисаар байсан юм. Ардын багш Ш.Чоймаа монголчуудыг цэнхэр дэлгэцээр уйгаржин монгол бичигт сургаж, олон мянган шавь нараа бэлтгэж, Монгол хэлний тухай хуулийг УИХ-аар батлуулан, 2025 оноос төрийн албан хэргийн хос бичгээр хөтлөх, Монгол бичгийн хэрэглээг нутагшуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.
Ш.Чоймаа багш 2003 онд судалгааны шинэ өгүүллээ хэвлүүлж, “Баттай хэлэхэд, найман зууны өмнөөс буюу эзэн Чингисийн үеэс Монголчууд төрийн үйл хэргээ уйгаржин босоо бичгээрээ тэмдэглэдэг байсан” хэмээн онцолж, улмаар жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан тухай гарч байсан түүхтэй. Тэрбээр энэ тухайгаа өөрийн их багш, Ардын багш Дагвын Чойжилсүрэн агсны нэрэмжит Монгол бичгийн улсын уралдааныг 20 дахь жилдээ зохион байгуулах үеэрээ бахархан тэмдэглэж байсан юм.
Ардын багш Ш.Чоймаа эх хэл, соёлоо эрхэмлэхийн тухайд түүний хойч үедээ хэлж, захиж үлдээсэн зарим үгсийг хүргэж байна.
- Монгол үндэстний тусгаар тогтнолын үндэс нь эх хэл. Эх хэл бол бидний сэтгэхүй юм.
- Монгол хүн юм бол, монгол хэл бичгээ мэддэг байх ёстой хэмээсэн бичигдээгүй хуулийг хэрэгжүүлж, бас монгол хэлээ мэддэггүйгээ мэддэггүй хүмүүсийг ухааруулж чадваас монгол хэлний дархлаа бий болно.
- Хэл гэдэг хамгийн тогтвортой байдаг зүйл. Хэдий мөхөж алга болохгүй ч монгол хэлээ мохоож, эх хэлээ эвдэж, үндэстний бичгээ үгүйсгэж байгаа гажуудал бол байна.
- Монгол хэлээ, Монгол бичгээ Монгол хүн л өртөөлж авч явна. Эх хэлээ ээж аав шигээ хайрлах учиртай.